![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2010/7/59cdcef83d3a080d/d1eafb484b51860bbig.jpg)
Хотын төвөөс 70 гаруй км зайд байх энэхүү амралт хуучин цагт НАХЯ-ны харьяа байжээ. Дараа нь ТЕГ-ын харьяа болсон ч өдгөө ЦЕГ-ынх. Жил бүр энд бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарч цолоо ахиулахын төлөө мэрийдэг. Энд ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, Завхан аймгийн “Завхан”, Дорноговь аймгийн “Хутагтын их хүчтэн” дэвжээ “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн гал гарсан байв.
Биднийг очиход бөхчүүд өглөөний гүйлтээ хийж байв. Өдөр бороотой байсан болохоор бөхчүүд бэлтгэл хийхгүй өнжинө гэв. Тиймээс тэдэнтэй энгийн яриа өрнүүлэх боломж олдсон юм. Тэд өглөөний гүйлтийнхээ дараа цайгаа ууж хэсэг амардаг аж. Зарим нэгнийхээ биеийг тосолж байгаа ч харагдана. Бие тослох нь арьсыг хөрслөг бор болгохоос гадна биеийн эсэргүүцлийг сайжруулах тустай аж.
“Сүүж уул”-д амрагч цөөн байв. Орчин нь цэвэрхэн, зүлэг нь яг л ногоон цэмбэ шиг харагдана. Дөрвөн зүг, найман зохистоороо ойгоор хүрээлэгдсэн тус амралтад анх очиж байгаа хэнд ч сайхан санагдмаар.
Энэ мэт олон зүйл сонирхсоор 13:00 цаг хүргэлээ. Бөхчүүд өдрийн хоолондоо оров. Бид ч тэдэнтэй тохой нийлүүлэн хооллож, ирэх наадмын шинэ цолтон энэ дунд байгаа гэж бодохоор бэлгэшээж байв. Хоолны амт ч гэж ванлий. Орц амрагчдын хувьд хүрэлцээтэй байдаг юм билээ. Харин бөхчүүдийн хувьд арай багаддаг тул тэд өөрсдөө нэмэлт хоолтой байдаг гэсэн. Энэ үеэр улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин А.Хатансайхан болон зарим улсын цолтон харагдсангүй. Тодруулбал тэд сонгууль өгөхөөр хот руу явжээ. Зарим нь хүчний бэлтгэлээс гадна хувийн ажил амжуулахаар явсан сурагтай.
Бидний зорилго тэднийг хэрхэн бэлтгэл хийхийг харах. Гэтэл улсын начин Б.Адъяахүү л “Аварга” биеийн тамир дээд сургуулийнхаа залуучуудын бэлтгэлийг хийлгэхээр явсан. Бусад нь бороотойд бэлтгэл хийхгүй гэж шийджээ. Харин оройхон нь “Завхан” дэвжээнийхэн хөлбөмбөг тоглов. 40 гаруй бөх байгаа болохоор гурван багт хуваагдаж байгаад тоглосон. Тэдний тоглолтыг үзэн суухад хөгжилтэй юм билээ.
Бид хотын зүг хүлгийн жолоо залахаасаа өмнө Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн дасгалжуулагч, улсын начин Б.Адъяахүү, Завхан аймгийн “Завхан” нутгийн дэвжээний дасгалжуулагч, улсын начин У.Балжинням, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Ц.Содномдорж нарын сэтгэгдлийг сонссон юм.
-“Аварга” биеийн тамирын дээд сургуулийн бөхчүүд галдаа хэзээ гарав?
-Энэ сарын 20-нд гарсан.
-Танайхаас гадна хаанахын гал гараад байна вэ?
-Би сургуулийнхаа оюутнуудыг удирдаж байгаа минь энэ. 25 залуу байгаа. Мөн “Аварга” лицей сургуулиас хүүхдийн барилдаанд зодоглох дөрвөн банди бий. Манайхаас гадна ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, Завхан аймгийн “Завхан” дэвжээ, Дорноговь аймгийн “Хутагтын их хүчтэн” дэвжээнийхэн гараад байна.
-Та энд хэд дэх жилдээ гарч байна вэ?
-Миний хувьд 1998 оноос хойш ирсэн. Газрын гарц, тэнгэрийн хур ивээсэн сайхан байгальтай нутаг.
-Таныг энд бэлтгэл хийдэг болсноос хойш хэчнээн улсын цолтон төрсөн бэ?
-Нарийн мэдэхгүй байна. Манай аймгаас л гэхэд улсын гарьд Ч.Цэрэнцунцаг, М.Баяржавхлан, улсын начин, У.Балжинням, Ж.Оргил, Ш.Жаргалсайхан, Б.Гончигдамба нараас эхлээд улсын цол хүртсэн бүх бөх энэ амралтад бэлтгэлээ базаасан. Энэ хайрхан бидэнд ч гэлтгүй зорьж ирсэн бүхэнд ээл, хишиг буянаа хайрладаг.
-Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, даян аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Сумъяабазар, улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нар зүй ёсоор багтаж байгаа биз дээ?
-Тийм шүү. Үндсэндээ энд бэлтгэлээ хийсэн бөхчүүд улсын наадмаас 15 түрүү хүртэж, олон арслан, гарьд, заан, начин төрсөн.
-Танай аймгаас хэн хэн гараад байна вэ?
-Улсын гарьд М.Баяржавхлан, улсын начин Л.Нямсүрэн, Ш.Жаргалсайхан нараас эхлээд олон залуу байна аа.
-Та “Аварга” сургуульд багшлаад хэдэн жил болж байна?
-2000 оноос хойш.
-Ихэвчлэн залуучууд харагдана. Улсын цолтнууд хараахан жигдрээгүй байгаа юм уу?
-Ойрд бороо их ороод байгаа болохоор бэлтгэл хийх боломж муухан байна. Гэхдээ хааяа бороотой өдөр ч бэлтгэл хийж байгаа. Учир нь наадмын өдөр бороо орж магадгүй. Тиймээс энэ нь тэдэнд давхар бэлтгэл болог. Харин улсын цолтнууд хүчний бэлтгэл хийхээр хот руу явсан. Ганц, хоёр хоноод ирнэ.
-Та нарын нэг өдрийн бэлтгэл хэрхэн өнгөрдөг вэ?
-07:00 цагт босч гүйж, мэх давтах дасгал хийдэг. Өглөөд хүний ухаан илүү саруулхан байдаг болохоор мэх давтвал үлдэцтэй. Харин үдээс хойш зодог өмсч бэлтгэлээ хийнэ дээ. Бороо их орж бэлтгэл хийх боломжгүй бол уул руу кросст гүйлгэж, хөлбөмбөг тоглуулдаг.
-Та залуучууддаа юуг илүү захиж байна вэ?
-Наадам болоход 10 гаруйхан хоног үлдэж байна. Тиймээс зөвхөн тактикийн бэлтгэл хийж байна. Хамгийн гол нь тэдний ирийг тохируулах юм. Тэд ч үүнийгээ мэддэг болсон. Дасгалжуулж байгаа бид чиглэлийг нь л хэлж өгөх л үүрэгтэй болоод байна.
-Дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй ойрд холбогдсон уу?
-Байнга холбоотой байгаа. Аварга биднийг бэлтгэлээ сайн хийгээд наадамдаа амжилттай барилдахыг захисан. Тэр захиасыг биелүүлэхийн төлөө хичээж байгаа.
-Таны дүү улсын харцага Ц.Магалжав бэлтгэлд гараагүй юм уу?
-Гадагшаа ажлаар явсан. Хэзээ ирэхийг нь мэдэхгүй байна.
-Та аймгаасаа хэн хэнийг улсын цол хүртэх байх гэж бодож байна вэ?
-Аймгийн арслан Л.Лха-Очир, “Аварга” лицей сургуулийг төгссөн миний шавь аймгийн заан Б.Бадамсүрэнг нэрлэнэ дээ.
-Залуучуудынхаа бэлтгэлээс шалтгаалж улс, аймгийн наадамд зодоглуулахыг нь шийдэх үү?
-Тэгнэ. Энэ жил аймгийн наадмуудыг нэг болохоор хаалттай, хаалтгүй зохион байгуулна гээд байгаа. Би энэ тал дээр эмзэглэж байна. Юу гэхээр цөөн бөхтэй аймагт гадны улсын цолтой олон бөх зодоглож түрүүг нь авчихдаг. Тиймээс говийн болон зүүн аймгийн наадамчид сэтгэл дундуур үлддэг тал бий. Хэн нэгэн бөх хаана ч очиж барилдах эрхтэй л дээ. Гэхдээ тэд үүнд жаахан бодолтой хандахгүй бол боломгүй санагдаад байгаа юм. Зарим аймгийн иргэд улсын цолтноо барилдуулах хүсэлтэй байдаг. Яалт ч үгүй тийм байдалд байгаа бөх бага цолтнууддаа даваа өгөөд улсын их баяр наадамдаа жинхэнэ ёсоор нь хүч үзэх хэрэгтэй.
-Бэлтгэлдээ хэзээ гарав?
-Энэ сарын 10-нд гарсан. Манай гал 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй бэлтгэлээ хийж байна.
-Энд нийт хэдэн бөх байна вэ?
-100 гаруй. Ихэвчлэн залуучууд.
-Үүнээс хэд нь улсын наадамд барилдах бол?
-Аймаг, сумын цолтнууд нь орон нутагт барилдаж цолоо батлах байх. Харин улсын цолтнууд нь улсдаа барилдах болов уу.
-Танай гал энд бэлтгэлээ олон жил хийж байгаа байх аа?
-Тийм. 1998 оноос хойш энд гарч байна. Харин 2009, 2010 онд Ёлын аманд гарсан ч сайн наадаагүй. Өнгөрсөн жил энд бэлтгэл хийгээд нэг гарьд, хоёр начинтай болж сайхан наадсан. Ер нь одоо цагт хэн нь бэлтгэлээ сайн хийнэ, тэр л дээгүүр барилддаг болсон байна. Том цолтон түрүүлэх байх гэсэн ойлголт ард хоцорч.
-Танайхан сорилго барилдаануудад зодоглох уу?
-Бараг барилдуулахгүй байя гэж бодож байгаа. Бэлтгэлээ сайн хийж байгаад наадамдаа хүч үзнэ.
-Танайхаас хэн хэн дээгүүр барилдах бол?
-Олон сайхан залуу байна даа. Улсын гарьд М.Баяржавхлан маань цол нэмэх гээд зүүдэлж байгаа байлгүй.
-“Завхан” дэвжээ хэдэн онд байгуулагдсан юм бэ?
-Гурван жил болж байна.
-Ц.Цэрэнпунцаг гарьд жил бүр галаа эргэдэг. Энэ жил ирэх үү?
-Наймдугаар сард ирнэ гэсэн. Жил бүр ирж галаа эргэж, бөхчүүдийнхээ бэлтгэлд шаардагдах зардлыг 100 хувь хариуцдаг. Бид ч аав, ээжийгээ хүлээж байгаа хүүхдүүд шиг хүлээгээд сууж байдаг юм. Энэ амралт ЦЕГ-ын харьяа болохоор Д.Сандаг-Очир генерал бидний хоол унданд их хөнгөлөлт үзүүлдэг. Мөн Завхан аймгийн засаг дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ч дэмжиж тусалдаг. Тиймээс бид нутгийнхаа сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар бэлтгэл сургуулилалтаа сайн хийж байгаа. Наадмын өдөр нутгийн минь уулс, ард түмэн түшиж, аз хийморь ивээвэл цолоо ахиулна даа.
-Энэ жил хэнийг түрүүлнэ гэж бодож байна вэ?
-Тэр өдрийн тэнгэр ивээсэн нэг нь түрүүлэх байлгүй дээ. Наадам угаасаа тийм байдаг. Хамгийн гол нь будлиан, маргаангүй наадам болоосой.
УЛСЫН ХАРЦАГА Ц.СОДНОМДОРЖ: БҮГД Л “МАНАЙ СОДНОМ ИРЛЭЭ” ГЭДЭГ
-Бяр их үү, харцага аа?
-Их ээ. Та бүхний ажил тавлаг уу. Энд бас улсын арслан Х.Мөнхбаатар, улсын харцага А.Цацабшир байгаа.
-Та энд хэд дэх жилдээ гарч байна вэ?
-2004 оноос хойш. Бидэнд ээлтэй санагддаг юм. Тиймээс бэлгэшээгээд байгаа.
-Бороо ороод бэлтгэл хийлгэхгүй байна уу?
-Бараг л тийм. Хааяа л зодог өмсгөх юм байна шүү дээ.
-Энэ жил хур элбэгтэй байна шүү?
-Тийм. Агаар сайхан, газрын гарц я бусад газраас илүү байдаг юм.
-Танай аймгийн гал хаана гарч байгаа вэ?
-Улсын харцага Г.Ганхуягаар ахлуулж Төв аймгийн Баянчандманьд гарч байгаа. Улсын заан С.Хүрэлбаатарын амралтад. Би ирэн очин байгаа. Тэнд 20 гаруй залуу бий.
-Хоёр талд бэлтгэл хийх хэцүү биш үү?
-Аль алинд нь бэлтгэл хийдэг болохоор нэг их хэцүү санагддаггүй ээ. Бүгд л манай Содном ирлээ гэдэг.
-Өнгөрсөн жилийн наадамд улсын заан Ч.Санжаадамбатай барилдахдаа юун дээр алдсан гэж бодож байна вэ?
-Өнгөрсөн жилийн барилдаан тухайн үедээ л өнгөрсөн шүү дээ. Одоо яриад яах вэ. Энэ жил сайн барилдахын төлөө хичээе.
-Сорилго барилдаанд та зодоглох уу?
-Зав гарвал очно оо.
-Та нар бусад галынхантайгаа бэлтгэл хийдэг үү. Зөвхөн тусдаа юу?
-Хааяа хамт хийдэг. Тэгвэл хэн хэнд маань сайн шүү дээ.
![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/1/fa4f978987f61fc6/91f18e5e3b37bf58original.jpg)