ЦЕГ-аас санал хураалтын талаар мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

ЦЕГ-аас санал хураалтын талаар мэдээлэв

Цагдаагийн ерөнхий газраас УИХ болон НИТХ-ын сонгуулийн санал хураалтын өдөр буюу өчигдөр гарсан хэрэг, зөрчил, дутагдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Олон нийттэй харилцах тасгийн дарга, хурандаа Т.Сайнжаргалаас цөөн асуултад хариулт авлаа.

-Сонгуулийн өдөр цагдаагийн байгууллагын нийт хэдэн алба хаагч бэлэн байдалд ажилласан бэ?

-Цагдаагийн байгууллагаас нийт 1548 сонгуулийн санал авах байранд 2304 цагдаагийн алба хаагч 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Сонгуулийн тухай хуульд сонгуулийн санал авах хуудсыг сонгууль болохоос тав хоногийн өмнө санал хураах хэсгийн байранд хүргүүлнэ гэж заасан. Энэ үеэс эхлэн цагдаагийн байгуулага тус байрыг хамгаалалтад авч эхэлсэн. Тодруулбал, зургадугаар сарын 23-ны өдрөөс эхлэн санал авах байрыг хамгаалалтад авсан гэсэн үг. Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж болно.

-Санал хураалттай холбоотой гомдол, мэдээлэл ирсэн үү?

-Нийслэлийн болон орон нутгийн цагдаагийн хэлтсээс сонгуулийн санал хураалтын явцад гарсан нийт 54 дуудлага, мэдээллийг шалгасан. Эдгэрээс 16 мэдээлэл худал дуудлага байсан, долоон гомдол, мэдээлэл үнэн, зөв гэдэг нь тогтоогдоогүй, нэг хэрэгт захиргааны арга хэмжээ авч, сонгуулийн байр орчим согтуурсан дөрвөн хүнийг эрүүлжүүлсэн. Гурван гомдлыг харьяаллын дагуу шилжүүлсэн. Мөн 23 гомдол, мэдээллийг шалгаж байна.

-Сонгуулийн сурталчилгаа хийх хугацаа энэ сарын 26-нд дуусгавар болсон. Гэвч энэ тохиолдол мэр сэр гарсан гэсэн?

-Хууль бус сурталчилгаа явуулж байна гэсэн 10 дуудлага ирсэн. Үүнээс нэг нь тогтоогдоогүй, нэг мэдээллийг тойрог хэсгийн хороонд нь шилжүүлсэн, бид энэ дуудлагын мөрөөр гурван хэргийг шалгаж байна. Хуурамч мэдээлэл дуудлага тав ирсэн.

-Саналын хуудсыг бөглөсөн саналаа баталгаажуулж зураг авсан тохиолдол илэрсэн үү?

-Сонгуулийн тухай хуульд саналын хуудасны зураг авч, баримтжуулахыг хориглосон байдаг. Гэтэл санал авах байрууд дээр саналын хуудасны зургийг авсан гэсэн зургаан дуудлага ирсэн. Эдгээр хүмүүсийг цагдаагийн  байгууллага шалгаж эхлээд байна.

-Хэсгий хороодын байранд согтуугаар санал өгсөн иргэд байсан гэх мэдээлэл байна. Үнэн үү?

-Архи, согтууруулах ундаатай холбоотой долоон гомдол, мэдээлэл ирсэн. Эдгээрээс дөрвөн дуудлага нь тогтоогдоогүй. Нэг хүнд захиргааны арга хэмжээ авсан. Хуурамч буюу дуудлага буцаагдсан тохиолдол хоёр байна.

-Бэлэн мөнгө тараасан тохиолдлууд гарсан байна. Цагдаагийн байгууллага үүнийг шалгаж эхэлсэн үү?

-Сонгогчдод бэлэн мөнгө тараагаад байна гэсэн нийт есөн мэдээлэл ирсэн. Үүнээс ажиллагаанд дөрвөн мэдээллийг шалгаж, нягталж байна. Мөн дөрөв нь хуурамч дуудлага байсан нь тогтоогдсон.

-Бүртгэлгүй атал  санал өгөхийг завдсан тохиолдол хэд гарсан бэ?

-Ийм мэдээлэл нийт дөрөв ирсэн. Үүнээс хоёрыг нь тойрог, хэсгийн хороонд нь шилжүүлсэн. Үлдсэн хоёр тохиолдолыг бид шалгаж байна.

-Автомашинаар сонгогч зөөж, санал өгүүлсэн гэх мэдээлэл ирсэн үү?

-Машинаар сонгогч тээвэрлэж, саналыг нь өгүүлж байна гэсэн мэдээлэл зургаа байсан. Хоёр нь нотлогдоогүй, нэг хэргийг нь бид шалгаж байна. Хуурамч буюу дуудлага буцаагдсан тохиолдол дөрөв байжээ.

-Санал авах байранд маргалдаж, үймээн дэгдээсэн гэх тохиолдол гарсан уу?

-Бусдын эд зүйлийг авахыг завдсан, санал авах байранд маргалдсан гэх долоон дуудлага ирсэн. Үүнээс архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гурван хүнийг эрүүлжүүлсэн. Гурван хэргийг цагдаагийн байгуулллага шалгаж байна. Хуурамч дуудлага нэг байсан.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж