Надаль “Уимбльдон”-ыг орхилоо

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Надаль “Уимбльдон”-ыг орхилоо

Талбайн теннисний оны гурав дахь “Их дуулга” болох “Уимбльдон” Лондон хотноо үргэлжилж байна. Хоёрдугаар тойргийн тоглолтууд өчигдөр өндөрлөж, өнөөдрөөс гуравдугаар шатны тоглолтууд эхэлж байна.

Энэ жилийн “Уимбльдон”-ы ээлжит дуулианыг тарьж, дэлхийн чансаанд 100-д эрэмбэлэгдсэн Чехийн теннисчин Лукаш Росол Испанийн алдарт теннисчин Рафаэль Надалийг буулган авлаа. Хоёр теннисчний тоглолт таван сет үргэлжилж, 6-7; 6-4; 6-4; 2-6; 6-4 харьцаатай чех теннисчний ялалтаар өндөрлөжээ. Росол дараагийн тойрогт Германы Кольшрайберомтой оноолт таарчээ. Росол өнгөрсөн таван жилд “Уимбльдон”-ы урьдчилсан шатыг давж чадаагүй бол үндсэн сугалаанд орсон анхны жилдээ хошой аваргыг хожин, сенсаацын эзэн боллоо. Росол тэмцээний дараа хэлэхдээ “Хүн бүр хожихын төлөө байдаг. Надаль бол супер од. Харин түүнтэй итгэмээргүй тоглолтыг үзүүлж чадлаа. Надалиас уучлал гуймаар санагдаж байна” хэмээсэн байна.

Мөн тэмцээний гуравдугаар тойрогт Испанийн Дэвид Феррер (7), АНУ-ын Энди Роддик болон Аргентиний Хуан Мартин дэл Потро (9), Японы Нишикори (19) нарын шилдгүүд оноолт таарсан байна. 

Эмэгтэйчүүдийн төрөлд чансаанд дээгүүр бичигдсэн Австралийн Саманта Стосур (6), Хятадын Ли На (11) нарын шилдгүүд хоёрдугаар тойргоос тэмцээнийг орхисон байгаа. Бусад шилдгүүдийн хувьд учраагаа буулган авснаар дараагийн тойрогт шалгарчээ.

Гуравдугаар тойрогт чансааны 12-т эрэмбэлэгдсэн ОХУ-ын теннисчин Вера Звонарёва болон “Их дуулга”-ын дөрвөн түрүүт Бельгийн Ким Клейстерс, Сербийн Ана Иванович (14) Германы Кербер (22) нарын шилдгүүд оноолт таарчээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж