Энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусч буйтай холбогдуулан уг цувралын сүүлчийн ботийг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, сэтгүүлч Ш.Содномжамц эмхтгэж, “Эдмон” хэвлэлийн үйлдвэрт хэвлүүлэн өнөөдөр уншигчдын гарт хүргэж байна. Эл ботид УИХ-ын 2011 оны намрын чуулган, ээлжит бус чуулган, 2012 оны хаврын чуулганыг түр завсарлуулж болон УИХ-ын хэд хэдэн удаагийн хүндэтгэлийн чуулганыг нээж УИХ-ын даргын хэлсэн үг, хорь шахам байгууллагын ой, үндэсний зөвлөгөөнд оролцогчдод хандсан илгээлт, мэндчилгээ, МҮОНТ, “Монголын үнэн” сонин, “Миний Ховд” сэтгүүл зэрэг хэвлэл, мэдээллийн байгууллагын сурвалжлагчдад өгсөн ярилцлага, Япон Улсад албан ёсны айлчлал хийсэн, Олон улсын парламентын холбооны ээлжит чуулганд оролцсон, орон нутагт томилолтоор ажилласан тухай сурвалжлага, тэмдэглэлүүд, уулзалт, арга хэмжээний мэдээний тойм зэрэг олон баримт материал багтсан байна. Мөн энэ удаагийн УИХ-ын бүх гишүүд болон Тамгын газрын удирдлагын зөвлөл, УИХ-ын даргын Ажлын хэсгийнхний зэрэг нийт 170 гаруй өнгөт гэрэл зураг, УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаатай холбоотой зарим тоо баримт, хүснэгт лавлагаа зэргийг оруулжээ.
Уг ботийн өмнөтгөлд УИХ-ын даргын зөвлөх, доктор Д.Батмөнхийн бичсэнчлэн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн дөрвөн жилийн үйл ажиллагааны тухай “Монгол төрийн дархан түшээ” нэртэй эл дөрвөн боть нь Д.Дэмбэрэлийн удирдсан парламентын бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн бүхий л ажлыг системчлэн ангилж, анх удаа УИХ-ын түүхэнд цогцоор нь ботилон харуулсан бүтээл болсон нь чухал ач холбогдолтой юм.