Ямар ч гэсэн одоогийн байдлаар 26 тойрогт мажоритар системээр өрсөлдсөн 48 нэр дэвшигчээс АН-ын 23 хүн ялалт байгуулсан мэдээтэй байна. МАН-ын 19 нэр дэвшигч төр түших мандат өвөрлөх магадлалтай болжээ. Цаана нь бие даагч гурав, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн гурван нэр дэвшигч тойрогт ялсан гэсэн урьдчилсан мэдээ байна.
Ингэснээрээ ямар боловч чанга дуугардаг сөрөг хүчинтэй парламентын суурь одоогоор тавигдаад байна гэж хэлж болно. Бас хамгийн олон бие даагчтай УИХ болох шинж бүрдлээ. МАН-аас гарч, бие даасан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар, Дорнодоос Х.Болорчулуун нар чуулганы танхимд дорвитой дуугарах сөрөг хүчин болно. Дээр нь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс нэр дэвшсэн хуульч Л.Цог, иргэний хөдөлгөөний гэдгээрээ олонд танигдсан Д.Батцогт, УИХ-ын туршлагатай гишүүн Д.Тэрбишдагва нар нэмэгдэнэ. Ийнхүү сүүлийн хэдэн жилд үгүйлэгдсэн сайн сөрөг хүчинтэй парламент бүрдэх төлөв тодорч эхэллээ.
Шинэ УИХ-д эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдэж буй сайн мэдээ дуулдаж байна. УИХ-д олон удаа Завханаас сонгогдож, сонгогчдынхоо итгэлийг хүлээсэн эрхэм гишүүн Д.Оюунхорол орон нутгаас сонгогдсон ганц эмэгтэй боллоо. Нийслэлийн тойргууд бүсгүй нэр дэвшигчдэд ээлтэй байдаг. Тэр ёсоор АН-аас нэр дэвшигч Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, И.Нарантуяа нар төрийн түшээгийн мандат өвөрлөх боломжтой болжээ. Ингэснээр одоогийн байдлаар шинэ УИХ тойргоос сонгогдсон таван эмэгтэй гишүүнтэй болох магадлалтай болов.
Дээр нь жагсаалтаар АН-аас Р.Бурмаа, М.Батчимэг, МАН-аас Д.Сарангэрэл орж ирэх боломж бий. Тэгвэл юутай ч найм орчим бүсгүй төр түшиж мэдэхээр болоод байна.
Цоо шинэ залуус УИХ-д цус сэлбэх нь тодорхой болсон. АН-аас Б.Болор, Д.Ганбат, Б.Наранхүү, Ж.Батзандан, МАН-аас Н.Номтойбаяр, Н.Төмөрхүү, Ж.Эрдэнэбат, Л.Энх-Амгалан, О.Содбилэг нарыг тэдний тоонд багтааж болно. Бас АН-ын Б.Гарамгайбаатар, Л.Эрхэмбаяр, МАН-ын С.Чинзориг, Ё.Отгонбаяр нарын улс төрд удаан “чанагдсан” эрхмүүд шинээр төр түших гэж байна. Хуучин Улсын Бага Хурал, УИХ-ын гишүүдээс “түр завсарлагын” дараа дахин их улс төрд орж ирж буй цөөнгүй хүн байгаа юм. УИХ-ын гишүүн асан АН-ын А.Бакей, Я.Санжмятав, Д.Бат-Эрдэнэ, М.Зоригт, УБХ-ын гишүүн асан Шударга ёс эвслийн Л.Цог нарыг нэрлэж болно. АН-ын дөрвөн хуучин түшээ гэхэд нэг “ангийн” нөхөд байсан эрхмүүд юм.
Энэ удаа УИХ-ын сонгуультай зэрэгцэн нийслэлийн ИТХ-ын сонгууль болсон. Уг сонгуулиар нийслэлийн 30 мандатаас 20-д АН-ын нэр дэвшигчид давуу санал авсан тухай АН-ын Сонгуулийн төв штабаас мэдээлээд буй. Тэгэхээр Э.Бат-Үүл баатрын баг баттай ялжээ гэж хэлж болох юм.
Одоогоор байдал ийм байна. Гэвч МАН-ын зүгээс автомат машинаар тоолсон саналын дүнг хяналтын гар тооллогоор баталгаажуулъя гэсэн саналыг шургуу тавьж байна. Бас залуус МАН-ыг өргөнөөр дэмжсэн хэмээн шуугиулж эхэллээ. Намууд улс төрийн соёл гаргаж, сонгогчдын хийсэн саналыг хүндэтгэх ёстой. Намуудын ялах, ялагдахыг сонгогчдын тавьсан дүн л мэднэ. Долдугаар сарын 1 шиг гамшиг давтагдах ёсгүй гэдгийг иргэд сайн мэддэг болсон. Сонгуулийн дүн албан ёсоор гараад ирэхээр ялсан нь ялсан шиг ажиллаж, ялагдсан нь тахимаа өгөөд соёлтой цөөнхийн үүргээ биелүүлээд явах ёстой гэдгийг л сонгогчид хүлээж байна.