ТВ-ийн ажилтнууд ”Евро-2012”-оос болж халагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

ТВ-ийн ажилтнууд ”Евро-2012”-оос болж халагдлаа

Польшийн ТВ-ийн (Telewizja Polska, TVP) хоёр ажилтныг Евро 2012 тэмцээний тухай нэвтрүүлэгт хоёр ч удаа алдаа гаргасаных нь төлөө ажлаас нь халлаа. Эхлээд тэд оросын тугийг зөвлөлтийнхөөр сольсон бол дараа нь английн далбааны оронд британийхийг тавьсан тухай Gazeta.pl мэдээллээ.

Халагдсан ажилтнууд TVP-д дизайнераар ажиллаж байсан бөгөөд Wiadomosci мэдээллийн хөтөлбөрт график чимэглэлүүд хийдэг юм байжээ. 6 сарын 13-ны мэдээний үеэр хөтлөгч Польш-Оросын тоглолтын тухай ярьж байх үед дэлгэцэнд ОХУ-ны тугийн оронд алх хадуур бүхий ЗХУ-ын тугийг харуулжээ. Харин 6 сарын 20-нд Еврогийн шөвгийн тоглолтын хүснэгтэнд дизайнерууд улаан загалмай бүхий Английн тугийн оронд Их Британийн тугийг зоожээ.

Дээрх алдаа бүхий дэлгэцийн зургууд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр тарсан байна. Ялангуяа, зөвлөлтийн тугтай алдаа хүчтэй шүүмжлэлд өртөж, польшийн хэд хэдэн улс төрч дургүйцлээ илэрхийлэн TVP-гээс тайлбар шаарджээ. Польшийн ТВ-ийн удирдлага дээрх зураг нь өмнө нэвтрүүлсэн Зөвлөлт-Польшийн түүхэн тэмцээний хэлэлцүүлгээс үлдэж хоцорсон байна гээд үзэгчдээс уучлалт гуйжээ. Үүнийг мэдээллийн албаны дарга Петр Краско “хамгийн тохиромжгүй үед хийсэн санаатай алдаа” гэж дүгнэсэн тухай Reuters мэдээлсэн байна.

Хоёр дизайнераас гадна мэдээний редакторуудад шийтгэл ногдуулж, дээрх хөтөлбөрийн шагналаас нь хассан байна. Мөн TVP-гийн удирдлага мэдээллийн хөтөлбөрийн хяналтын журмыг шинэчилж, редакторууд дизайнеруудын ажлыг урьдчилж нягталж байхаар тогтжээ.

Польшийн ТВ 1935 онд байгуулагдсан, Польшийн хамгийн гол үндэсний, олон нийтийн ТВ юм.

Саяхан буюу 6 сарын 25-нд мөн польшийн Eska ROCK радиогийн “Poranny WF” нэвтрүүлгийг хаасан тухай мэдээлэл цацагдсан билээ. Нэвтрүүлгийн хөтлөгч Михал Фигурский, Куба Воевудский нар Украин-Шведийн тоглолтыг хэлэлцэх үеэрээ украин эмэгтэйчүүдийг нэлээдгүй доромжилсон үгс хэлсэн байна.

Эх сурвалж: Gazeta.pl

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж