
Английн хөлбөмбөгч асан, BBC-ийн хөтлөгч Гэри Линекер “Британийн хөлбөмбөгт том гавьяа байгуулсан Бэк “Лондон-2012” олимпод оролцох эрхтэй” гээд, түүнийг шигшээ багаас хассан нь аймшигтай алдаа гэжээ. Мөн Английн хамгийн нэртэй цуутай хөлбөмбөгчид болон алдартнууд хөлбөмбөгийн хамгийн агуу тамирчдын нэг төлөөлөгчийг шигшээ багаас хассаныг шударга бус гэж үзжээ. Өдгөө 37 настай Дэвид Бэкхэм төрсөн хотод нь болох олимпийн наадамд оролцож, хөлбөмбөгийн шигшээ багаа удирдана гэдэгт бараг эргэлзэхгүй байсан авч шигшээ багийн менежер Стюарт Пиерс түүний нэр шигшээ багт байхгүй гэж хэлсэн гэнэ. Шигшээ багт орохгүйгээ мэдсэний дараа Дэвид Бэкхэм “Английн нэрийн өмнөөс тоглосон тоглолт бүр надад хамаатай байсан. Тиймээс би өөрийгөө Английн шигшээ багийн нэг хэсэг байх эрхтэй хүн гэж бодсон. Шигшээ багийг надаас илүү сайн дэмжих хүн байхгүй болохоор би сэтгэл дундуур байна. Бас бусад бүх англичуудын адилаар би тэднийг ялна гэж найдаж байна” гэжээ.