Лондонгийн Букингемын ордонд II Элизавета хатан хааны угсаа залгамжилсны 60 жилийн ойг тохиолдуулан хатан хааны 10000 гаруй алмаазан гоёлоор үзэсгэлэн гаргахаар болжээ. Энэхүү үзэсгэлэнд хатан хааны Их Британи болон гадаад улсад албан ёсны айлчлал хийх үедээ зүүж байсан хатан хааны эрх мэдэл, гоо сайхны бэлэгдэл болсон нүд гялбам үнэт эрдэнэсүүдийг дэлгэн үзүүлэх гэнэ. Алмаазан гоёлын үзэсгэлэнг зургадугаар сарын 30-наас ирэх аравдугаар сар хүртэл дэлгэн тавих юм байна. Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь хатан хаан алмааз эрдэнийг хэрхэн эд баялаг, эрх мэдлийн бэлгэдэл болгон хэрэглэж байсныг харуулах ажээ. Мөн үзэсгэлэнг зохион байгуулагчид хатан хааны гэр бүлийн эзэмшлийн хамгийн чухал алмаазан гоёлуудыг үзүүлэхийг зорьсон байна. Гэрэлтсэн шилэн хоргонд дэлгэн үзүүлэх анхны үзмэр нь II Элизавета хатан хааны 1100 гаруй алмаазнаас бүрдсэн жижиг алмаазан титэм ажээ.
Б.Анхтуяа