Ах дүү Гримм хэнээс үлгэр сонсч байв?

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Ах дүү Гримм хэнээс үлгэр сонсч байв?

Германы хэл судлаачид болох Якоб ба Вильгельм Гримм (Jakob und Wilhelm Grimm) нар үлгэр домгийн цуглуулагч гэдгээр дэлхийд алдартай. Тэд үлгэрээ хөгшин цэрэг, язгууртан хатагтай, ядуурч хоосорсон бэлбэсэн эхнэр, нэртэй зураач зэрэг нийгмийн янз бүрийн давхаргын олон хүнээс сонсч буулгажээ. Тэдний үлгэрийн анхны түүвэр нь “Хүүхдийн болон гэр бүлийн үлгэрүүд” (“Kinder- und Hausmдrchen”) нэртэйгээр 1812 онд хэвлэгджээ. Энэ ном хэвлэгдэсэний 200 жилийн ой энэ 2012 онд тохиож байгаа нь үлгэрийг эмхтгэсэн ах дүү Гриммийг биш тэдэнд үлгэр ярьж өгсөн хүмүүсийг дурсан санах сайхан шалтаг болох юм. Хэдэн арван хүн үлгэр ярихаас гадна, үлгэрээ сонсон бичиж ирээдүйн үлгэрийн зохиолчдын зуучлагч нь болж байжээ.

Бичгийн ширээний араас аман зохиолыг цуглуулах нь

Яков, Вильгельм хоёрт үлгэр “нийлүүлэгч” 40 орчим хүнийг “Ах дүү Гриммын жинхэнэ үлгэрүүд ба тэднийг хүүрнэгчид” гэсэн өөрийн номондоо Германы уран зохиол судлаач Хайнц Рюллеке (Heinz Rulleke) тоолсон байна. Тэдний зөвхөн гурвыг нь үлгэрчид өөрсдөө дурсан үлдээсэн байдаг. Тэр гурав нь Монголд А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”-ийн хувилбар болох ардын аман зохиолыг сонсон бичсэн Германы нэртэй романтик зураач Филипп Отто Рунге (Philipp Otto Runge), “Бремений хөгжимчид” үлгэрээр түүврийг нь баяжуулснаараа бахархдаг Август фон Гакстхаузен (August von Haxthausen), хориод үлгэрийг нь тэдэнд дуулгасан Доротея Фиманн (Dorothea Viehmann) нар юм.

Оёдолчны бэлбэсэрч хоосорсон эхнэр Доротея Фиманн бага зэргийн хөлстэйгээр тэдэнд үлгэр хэлэн бичүүлж байв. Ах, дүү Гримм номынхоо урьдатгал үгэнд тэр эмэгтэйг дурсан бичсэнээс гадна хөргийг нь нийтэлсэн байв. Доротея Фиманн нь ардын үлгэрчийн бэлгэдэл болсон гэж хэлж болно. Гримм өөрсдийгөө “ард түмний дунд орон аман зохиол цуглуулагчид” хэмээн уншигчдад танилцуулсан байжээ. Тэр нь романтизмын утга санаатай нийцэх авч үнэн хэрэгтээ тэд бичгийн ширээний ард суугаад л үлгэрүүдээ цуглуулсан юм.

Хайрын үлгэрийн биш гурвалжин

Ах дүү хоёр үлгэр сонирхогч, өөрсдийн найз нөхөд болон гэр бүлийн холбоо сүлбээг ашиглажээ. Тухайн үед зохиогчийн эрхийн тухай ойлголт ч байсангүй. Тэдний холбоо сүлбээ гэдэгт Вестфалийн язгууртнууд болох фон Гакстхаузен (von Haxthausen) ба фон Дросте-Хюльсхоф (von Droste-Hьlshoff) нарын гэр бүл багтаж байв. Германы нэртэй зохиолч эмэгтэй Аннетте фон Дросте-Хюльсхоф энэ хэлхээ сүлбээнд багтаж байсан ч үнэндээ үлгэрийг түүний эгч Женни ярьж өгдөг байжээ. Тухайлбал, тэр эмэгтэй “Нөхөөстэй шаахай” (өөр нэр нь: “Бүжиглэж буй арванхоёр гүнж”) гэдэг үлгэрийг Гриммийн ах, дүүд өгчээ.

Түүвэрт Аннетте оролцоогүй нь тэрээр Вильгельм Гримм бага Дросте-Хюльсхофыг нэг их ойшоож үздэггүй байсан нь саад болсон гэдэг. Харин том эгч Женни нь Вильгельмд сэтгэлтэй байсан нь эгч, дүүгийн хоорондын өрсөлдөөнийг “ширүүсгэсэн” байж болох талтай. Вильгельм ч сэтгэлээ өгсөн боловч тэдний гарал үүслйин ялгаа нь гэр бүл болоход нь саад болжээ. Вильгельмийн эхнэр нь өөр нэг үлгэрч эмэгтэй Дортхен Вильд (Dortchen Wild) болсон юм.

Дортхен Вильдын бүтээлээс хамгийн алдартай нь “Хатагтай Цасан шуурга”. Энэ үлгэрээс гадна өөр бусад үлгэрийн гол сэдэв нь эгч дүү нарын сөргөлдөөний тухай өгүүлсэн байв. Дортхен таван эгч, мөн эмэгтэй дүү нартай байсан нь энэ сэдэв түүнд ойр байснаас зайлшгүй гэж Хайнц Рюллеке номондоо өгүүлжээ.

Хайртай үлгэр нь намтрын хэсэг мэт

Үлгэрийн сэдэв нь зохиолчдын намт­рын толь уу? Хайнц Рюллеке үүнд “тийм” гэж хариулж байгаа юм. Доротея Фиманны үлгэрийн баат­рууд нь амьдралдаа ихээхэн хүндрэл, бэрх­шээлийг туулдаг нь тэр ийм амьдралыг үзсэнтэй холбоотой. Тиймээс ч мөрөөдөл, ид шидэд итгэх л үлдсэн аж. “Галуу хариулагч бүсгүй” үлгэрт гүнж энгийн нэг тариачин эмэгтэй шиг галуу хариулж багагүй зүдэрч байтал ханхүү түүнд хайр сэтгэлээ өгч гүнж болон жаргадаг жишээтэй.

Өөр нэг үлгэрчин нь халагдсан хөгшин цэрэг Йоханн Фридрих Краузе (Johann Friedrich Krause) байсан ба түүний үлгэрийг ах, дүү Гримм хуучин өмд гутлаар арилжин авч байжээ. Тэрээр эздэдээ гомдсон хөгшин ажилтнуудын сэдэвтэй үлгэр голдуу ярьдаг байж. Баян чинээлэг гэр бүлийн эгч дүү Хассенпфлуг (Hassenpflug) гэх бүсгүйчүүдийн үлгэрийн сэдэв бас өөр. Тэдний элэнц хуланц гугенотууд байсан бөгөөд гэр бүлд францаар уншдаг байв. Францаар уншсан үлгэрүүдээс цөөнгүйг тэд Гриммийнхэнд ярьж өгчээ. Тэдний үлгэрт жононг хүлээсэн эрх дураар гүнж нар голдуу гардаг.

Нэг үгээр хэлбэл, үлгэрч бүр өөрийн онцгой “стильтэй” байжээ. Ах, дүү Гримм тэдний үлгэрийг сонсоод буулган бичихдээ хасч, нийлүүлж, өөрсдийн засварыг оруулдаг байсан ч үлгэр бараг хэвээрээ үлдсэн гэж болно. Тухайлбал, “Рапунцель” үлгэрт Рапунцелийн жирэмсэлсэн тухай өгүүлсэн байснаа, энэ үлгэрийг уншсан сурган хүмүүжүүлэгч нарын шаардлагаар тэр хэсгийг хассан байжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж