Хавтгайрсан халамжууд баяртай

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Хавтгайрсан халамжууд баяртай

Хоёр жилийн турш иргэн бүрт сар бүхэн хүртээж байсан хувь, хишгийг ирэх сараас олгохгүй. Өөрөөр хэлбэл, сар бүхэн иргэн бүрт олгож байсан 21 мянган төгрөг энэ зургадугаар сараар дуусгавар болж байгаа юм. Байгалийн баялгаас орж ирж буй ашгийг ард түмэндээ ижил, тэнцүү хуваарилах үүднээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийтдээ 800 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас хувь, хишиг нэрээр иргэдэд тараажээ. Энэ мөнгөөр дэд бүтцийн салбарт үгүйлэгдэж буй олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэж болох байсан талаар тухайн үед эдийн засагчид багагүй шүүмжилж байсан билээ. Монголчуудыг залхуу хойрго, ажил хийх хүсэлгүй болгосон, Эрээнийг хөгжүүлэх төсөл болсон, архидалт, ядууралд сөргөөр нөлөөлсөн, монгол хүний хөдөлмөрийн бүтээмжийг алдагдуулсан, инфляцийн инерцийг эрчимжүүлсэн гээд багагүй шүүмжлэл дагуулсан хэдий ч сар бүхэн олгодог 21 мянган төгрөг зарим өрхийн амьжиргаанд нэлээд дэм болж байсныг ч бас үгүйсгэх аргагүй. Ялангуяа тэтгэврийн хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, өнчин ядууст энэ мөнгө амьдралынх нь тогтмол орлого болж хувирсан юм.  Тиймдээ ч сар бүхэн олгодог 21 мянган төгрөгийг олгож эхлэхгүй гэсэн мэдээлэл зарим өрхөд хэцүүхэн санагдаж байж ч болох. 

“21 мянгаа цагтаа аваагүй бол улсын орлого болгоно гэдэг худлаа”

Энэ сараар дуусгавар болж буй хувь, хишигтэй холбоотой үнэн худал яриа ч иргэдийн дунд гарсаар байгаа. Тухайлбал, “Хүний хөгжил сан”-гийн 21 мянган төгрөгийг цаашид олгох гэнэ, зургадугаар сарын дотор багтааж 21 мянган төгрөгөө авахгүй бол улсын орлого болгоно. Хувьцаагаа авахгүй гэсэн иргэдэд нэг сая төгрөгийг нь тарааж эхэллээ гэх элдэв янзын мэдээлэл дэгдээд байгаа. Зарим дэлгүүр хоршооны үүдэнд “Энэ зургадугаар сард багтаан 21 мянган төгрөгөө аваагүй бол улсын орлого болгоно. Капитал банк” гэсэн зарлал хадаастай байгаа юм. Тиймээс иргэдийн толгойг эргүүлж буй бөгөөд эдгээр асуултуудад хариулт авахаар Улсын хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хандаж, тус газрын  хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнгээс тодрууллаа.

-Зургадугаар сард багтаан 21 мянган төгрөгөө авахгүй бол улсын орлого болгоно хэмээн Капитал банкны зарим салбарууд зарлал хадсан байна лээ. Энэ ямар учиртай юм бэ. “Хүний хөгжил сан”-гаас сар бүр олгодог 21 мянган төгрөгийг зургадугаар сараар дуусгавар болж байгаатай холбогдуулан цагтаа аваагүй хүмүүсийн мөнгийг улсын орлого болгож байгаа юм уу?

-Капитал банк яагаад ийм зарлал тавьсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ зарлалд тавьсан мэдээлэл бол худлаа. “Хүний хөгжил сан”-гаас сар бүр олгодог 21 мянган төгрөг энэ зургадугаар сараар дуусгавар болж байгаа нь үнэн. Гэхдээ цагтаа мөнгөө аваагүй хүмүүсийн мөнгийг улсын орлого болгоно гэдэг яриа худлаа. Гадаадад амьдарч байсан эсвэл бичиг баримтын зөрчилтэй иргэд “Хүний хөгжил сан”-гаас мөнгөө аваагүй байлаа гэхэд эх орондоо ирсэн хойноо ч юм уу эсвэл зөрчлөө арилгаад нөхөж авах бололцоотой.

-Капитал банкны зарим салбар санхүүжилт нь дууссан гээд 21 мянган төгрөгийг өгөхгүй байгаа гэсэн?

-Санхүүжилт нь дууссан байж болно. Ирэх сард санхүүжилт хийхээр нөхөөд авч болно. Гэхдээ цагтаа авахгүй бол мөнгийг маань буцаад татчихна гэж айлтгүй. Ийм асуудал байхгүй. Санхүүжилт нь дууссан банкууд мөнгө нь дансанд ороод ирэхээр тараах байх.

-Зарим хүмүүс сар бүр олгодог 21 мянган төгрөгийг долдугаар сард үргэлжлүүлэн олгоно гэсэн ойлголттой байна лээ?

-Тийм асуудал байхгүй. Яагаад ийм яриа гарсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан хуулийн дагуу энэ зургадугаар сараар дуусгавар болж байгаа.

-Хувьцаа авахгүй, нэг сая төгрөгөө бэлнээр авахаар хүсэлтээ Засгийн газарт ирүүлсэн хүмүүсийн мөнгийг даваа гаригаас тарааж эхэлсэн юм уу. Хүмүүс ингэж ойлгоод арилжааны банкууд дээр ачаалал үүсгээд байгаа сурагтай?

-Үгүй. Даваа гаригаас хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй нэг сая төгрөгийн хоёрдугаар хэсэг болох 330 мянган төгрөгийг тарааж байгаа. Хувьцаагаа авахгүй, нэг сая төгрөгөө бэлнээр авна гэсэн хүмүүсийн мөнгийг аж ахуйн нэгжүүдээс төвлөрсөн мөнгөнөөс олгоно. Тодорхой хэлбэл, Дондог гэдэг нөхөр хувьцаагаа авахгүй, нэг сая төгрөө бэлнээр авмаар байна гэж Засгийн газарт хүсэлт гаргасан байна гэж бодьё. Түүний хүсэлтийг Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг авья гэсэн аж ахуйн нэгжүүдэд уламжлаад тэд авья гэвэл мөнгийг нь олгоход зуучлах юм. Түүнээс биш төсвөөс мөнгө гаргаад хувьцаагаа авахгүй гэсэн иргэдийн нэг сая төгрөгийг тарааж эхлэх юм биш. Аж ахуйн нэгжүүд мөнгөө тушаасан цагт иргэд хувьцаагаа зарж нэг сая төгрөгөө авна гэсэн үг. Төлөвлөж байгаагаар бол ирэх долдугаар сараас иргэдэд нэг сая төгрөгийг нь тарааж эхлэх юм байна лээ. Гэхдээ эхний ээлжинд амьдралын төвшин тааруухан, эмзэг бүлгийн иргэдэд нэг сая төгрөгийг нь олгоно.

-1,5 сая иргэн хувьцаагаа авахгүй нэг сая төгрөгөө бэлнээр авна гэсэн хүсэлт гаргасан гэл үү?

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг авахгүй нэг сая төгрөгөө бэлнээр, бас сургалтын төлбөр, байрны зээлдээ зарцуулмаар байна гээд 1,5 сая иргэн Засгийн газарт хүсэлтээ гаргасан байсан.

-Хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа нэг сая төгрөгийн үлдэгдэл 330 мянган төгрөгийг хэзээ олгох гэж байна?

-Засгийн газар наадмаас өмнө энэ мөнгийг олгохоор төлөвлөж байгаа юм билээ.

“Эрдэнэт” үйлдвэр санхүүжүүлсэн”

Хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй нэг сая төгрөгийн эхний ээлжний 100 тэрбум төгрөгийг Засгийн газар Монголбанкнаас зээлсэн гэсэн яриа байгаа бол өнгөрсөн даваа гаригаас эхэлж тараасан хоёрдугаар ээлжийн 330 мянган төгрөгийг Хөгжлийн банкнаас авсан, үүнээс болж тус банкны ТУЗ-ын дарга Б.Батжаргал ажлаа хүлээлгэж өгсөн гэдэг яриа байгаа юм. Хөгжлийн банк нь өнгөрсөн гуравдугаар сард олон улсын хөрөнгийн зах зээлээс 600 сая ам.долларыг босгосон бөгөөд дээрх мөнгөөр эдийн засаг, улс орны хөгжил томоохон үүрэгтэй төмөр зам, авто зам болон Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах төслийг санхүүжүүлэхээр болсон. Гэтэл тэр мөнгөнөөс Засгийн газар хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох мөнгийг гаргахаар болсон нь багагүй асуудал тариад байгаа бололтой. Тиймээс Б.Батжаргалаас цөөн асуултад хариулт авлаа.

-Хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн үлдэгдэл 330 мянган төгрөгийг тараахын тулд Засгийн газар Хөгжлийн банкны хөрөнгийн зах зээлээс босгосон мөнгөнөөс авсан юм уу?

-Үгүй, Хөгжлийн банкнаас дээрх зорилгоор нэг ч төгрөг Засгийн газарт өгөөгүй.

-Өгнө гэсэн яриа байсан шүү дээ. Тэгээд Засгийн газар санхүүжилтээ хаанаас бүрдүүлсэн юм бэ?

-“Эрдэнэт” үйлдвэрээс. Тус үйлдвэрээс Засгийн газар 15 сая ам.доллар зээлсэн байгаа. Хөгжлийн банкнаас санхүүжилт авах хүсэлт гаргасан нь бол үнэн.

-Та үүнээс болоод ажлаа өгсөн гэл үү?

-Энэ талаар дараа ярилцая.

Засгийн газраас олгож буй, олгож дуусаад байгаа бэлэн мөнгөтэй холбоотой асуудалд албаны хүмүүс дээрх хариултыг өглөө.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж