Хятад Латин Америкт 10 тэрбум ам.долларын зээл өгнө

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Хятад Латин Америкт 10 тэрбум ам.долларын зээл өгнө

Хятадын ерөнхий сайд Вэнь Зябао бүс нутгийнх нь дэд бүтцэд зориулан 10 тэрбум ам.долларын зээлийг Латин Америкт өгөх санал дэвшүүлэв.

Чилийн The Santiago Times сонинд бичсэнээр, Латин Америкийн орнуудаар зургаан хоногийн айлчлал хийсэн Вэнь тус бүс нутгийн аж үйлдвэрийн салбарын хөгжилд зориулан тусгай сан байгуулах санал дэвшүүлсэн байна. Мөн Хятадын ерөнхий сайд Хятад болон Аргентин, Бразили, Парагвай ба Уругвай ордог Латин Америкийн нэгдсэн зах зээлийн (Mercosur) хооронд чөлөөт худалдааны бүс байгуулахыг чухалчилсан байна.

Вэнийн айлчлал Чилийн нийслэл Сантьягод дуусав. Тэнд Хятадын ерөнхий сайд Чилийн ерөнхийлөгч Себастьян Пинейротай худалдаа хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. Талууд 2015 он гэхэд хоёр орны худалдааны эргэлтийг 60 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцов. Ер нь бол Латин Америк ба Хятадын хоорондын наймааг ирэх таван жилийн дотор 400 тэрбум ам.долларт хүргэхээр Хятад найдаж байна.

Эдийн засгийн холбоог бэхжүүлэх хүрээнд валютын свопийг (харилцан зээл) 30 тэрбум долларын хэмжээнд Хятад Бразилитай байгуулсан байв. Мөн тийм гэрээг Аргентин зэрэг бусад оронтой Хятад хийжээ.

Зээл олголтын хувьд Хятад 2009 онд Африктай 10 тэрбум ам.долларын гэрээ хийж байв. Энэ оны эхээр Хятадын хөгжлийн банк BRICS-ийн орнуудад юанийн зээл олгох нь тодорхой болсон юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж