Ассад: Сири дайны байдалд байна

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Ассад: Сири дайны байдалд байна

Сирийн ерөнхийлөгч Башар Ассад улс орноо дайны байдалд байна гэж мэдэгдэв. НҮБ-ын ажиглагчид ч аюулгүй байдлыг хамгаалах үүднээс өөрсдийн ажиллагааг бас зогсоосон байна.

Улс орон нь дайнд орсон тухай Сирийн ерөнхийлөгч Башар Ассад анх удаагаа мэдэгдлээ. Шинэ Засгийн газ­рын хуралдаан дээр Ассад үг хэлэхдээ “энэ дайнд ялахын тулд бүхий л нөөц бололцоог дайчлах хэрэгтэй” гэж онцолжээ. Өнөөг хүртэл Дамаск албан ёсоор Сирийн хэрэг явдлыг гадаадаас мөнгө авч байгаа “хөлсний дайчдын” явуулга гэж нэрлэж байсан юм.

Үүний зэрэгцээ Ассадыг албан ту­шаа­лаасаа огцрохыг уриалсан баруу­ны орнуудын уриалгыг хүлээн авахгүй гэж дахин мэдэгдэв. “Баруун авч сурснаас биш өгч сураагүй” гэж тэр хэлэв. Ассадын хэлснээр Сири бүх улс оронтой сайн харилцаатай байхыг эрмэлздэг “гэхдээ өөрийн сонирхлоо мэдэж байх ёстой” ажээ. Улс орноо шинэчлэх үйл явц хангалтгүй байгаагаас хүмүүсийн дургүйцэл гарч байна хэмээн тэр хэлэв. “Хэрэв бид ил тод шинэ уур амьсгалаар ажиллавал хүмүүс биднийг дэмжих болно” хэмээн тэр сайд нартаа хандлаа.

НҮБ Сири дэх ажиглагчдынхаа ажиллагааг зогсоохоор шийдсэн байна. Тус орны байдал хурцдаж, тэнд ажиллаж байгаа ажиглагчдад аюул занал учруулж болзошгүй хэмээн дипломат эх сурвалжийн мэдээнээс иш татан DAPD агентлаг мэдээлэв. Ажиглагч хэсгийн тэргүүн Роберт Мудийн мэдэгдсэнээр ажиглагчид арваад удаа буудлагад өртжээ.

Сирийн сөрөг хүчний төлөөлөгчийн мэдээгээр өнгөрсөн өдрүүдэд Засгийн газрын цэрэг болон босогчдын хооронд мөргөлдөөн ширүүссэн байна. Энэ сарын 25-ны өдөр гэхэд 87 энгийн иргэн, мөн цэргийн болон босогч нийлсэн 49 хүн амиа алджээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж