Хятадын тэрслүү үзэлтэн байх нь

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Хятадын тэрслүү үзэлтэн байх нь

АНУ-ын кино найруулагч, продюсер хатагтай Элисон Клейман Хятадын нэртэй зураач, тэрс үзэлтэн Ай Вэйвэйн тухай “Ай Вэйвэй: хэзээ ч уучлалт бүү гуй” баримтат кино хийсэн. Энэхүү киног энэ сарын 14-нөөс Германд дэлгэцэнд гаргаж эхэллээ.

Ай Вэйвэй Хятадын орчин үеийн хамгийн нэртэй зураач юм. Хүний эрхийн төлөө идэвхтэй тэмцэж, тэр чинээгээр өөрийн эрх чөлөөгөө алдах эрсдэл хийж буй хүн. Элисон Клейман Хятад зураачийг хэдэн жил кино камертайгаа дагалдан явжээ. Үүний үр дүнд Ай Вэйвэйгийн амьдрал, уран бүтээлийн тухай “Ai Weiwei: Never Sorry” (“Ай Вэйвэй: хэзээ ч уучлалт бүү гуй”) баримтат кино бүтсэн юм.

Идэвхтэй байр суурьтай хүн

Хятадын барималч, уран барилгач, гэрэл зурагчин, концептуалист зураач (conceptus-сэтгэмж ба үзүүлэлт гэсэн утгатай латин үг, ХХ зууны  60-70-аад онд АНУ, Европт гарч ирсэн постмодернизмын уран зохиол ба уран зургийн урсгал) Ай Вэйвэй нь дэлхийд танигдсан алдартан. Зөвхөн урлагийн бүтээлээрээ тэрээр алдаршсангүй. Хятадын улс төрийн системийг илээр эрс шүүмжилдэг нь дэлхий нийтийн анхаарлыг татжээ. Хятадын дээд засаглалын бэлгэдэл Бээжин хотын төв Тяньаньмэнийн талбайд дунд хуруугаа гозойлгон харуулж байгаа зураачийн гэрэл зургийг мэдэхгүй хүн ховор байх.

Ай Вэйвэй 1957 онд Бээжин хотноо төржээ. Түүний эцэг Ай Цин нь уянгын шүлгийн алдартай яруу найрагч бөгөөд Хятадад үгээ хэлэх эрх чөлөөний төлөө тэмцэгч байснаас 1958 онд нутаг заагдан хориод жилийг Хятадын бөглүү нутагт өнгөрөөжээ. Ай Вэйвэй ч хөдөө өсч өндийжээ. Тэнд л тэр тэрслүү санаа бодлыг хэрхэн дарж байгааг анх харжээ.

Цагдаагийнхан түүний гэр оронд гэнэтхэн шөнөөр ч хамаагүй ирдэгт нь Ай Вэйвэй дасчихсан аж. Хууль хяналтынхны нэгэн тийм “айлчлал”-ын тухай Элисон Клейман кинондоо өгүүлжээ. Дэлгэцнээ юу ч харагдахгүй харанхуй. Гэхдээ Элисон Клейман дуу чимээг нь бичиж чадсан байв. Цагдаагийн нэгэн ажилтан тэрслүү үзэлтнийг зодож, хувцсыг нь урж байгаа нь сонсогдоно. Кинонд Вэйвэйг барьж байгааг “харуулах” дүрс хангалттай бий. Үүний зэрэгцээ хүний эрхийн төлөө тэмцэгчийг Хятадын засаг захиргаа шоронд тусгаарлахын тулд түүнд оноож байгаа бүдүүлэг яланд найруулагч онцгой анхаарал хандуулжээ.

АНУ-д суралцсан нь

Олонд танигдаж амжаагүй залуу зураачийн амьдралыг Элисон Клейман  харуулсан. 1978 он. Ай Вэйвэй Бээжингийн Кино академид элсэв. Түүний ангийнхан дотор ирээдүйн нэртэй найруулагчид, 1990-ээд оны давалгааны одод болсон Чэнь Кайгэ ба Чан Имоу нар байна. Жилийн дараа тэдний хамт Вэйвэй “Одод” гэсэн авангард арт бүлэг байгуулан улстөржсөн урлагийн эсрэг тэмцэлдэж эхлэв.

Ай Вэйвэй 1981 онд АНУ-д очлоо. АНУ-д тэрээр нэр алдартай зураач, продюсер, дизайнер, зохиолч Энди Уорхолтай танилцаж, яруу найрагч Аллен Гинзбергийн найз нь болсон байлаа. Хятадын тэрслүү үзэлтэн концептуаль урлагт умбан орохдоо улс төрийг илүүтэй анхаарах болсон байна. Нью-Йоркт голчлон амьдарч уран бүтээлийн оргилуун цагийг амслаа.

Эцгийнх нь биеийн байдал мууд­санаас тэрээр 1993 онд эх нутагтаа эргэн ирэв. Нутагтаа ирээд өдгөө олон хүний шимтэн унших болсон “Хар хав­тас” (1994), “Цагаан хавтас” (1995) ба “Саарал хавтас” (1997) номуудаа гар­ган, орчин цагийн Хятад зураачдаас ярилц­лага авч, урлагийн сэдэвтэй өгүүллэг бичиж байлаа.

Хүмүүсийн нүдийг нээсэн нь

Элисон Клейман кинондоо Вэйвэйн олон бүтээлийг харуулав. Бүтээл тус бүр нь үзэгчдэд  ид шидийн нөлөө үзүүлдэг. Зураачийн бүтээсэн асар том хятад улаан дэнлүү гэхэд л өлгөөстэй биш газарт хэвтэж байгаагаар дүрсэлсэн нь коммунист Хятадыг үзүүлж байгаа мэт. Хоёр мянган хувцасны давхрагаас бүрэлдсэн дэлхийн газрын зураг нь Хятадын аж үйлдвэр дэлхийд ямар их нөлөөтэй үзүүлэх аж.

Вэйвэйн нэгэн гэрэл зурагт 2008 онд Сычуань мужид болсон газар хөдлөлтийн зураглал буужээ. Нийт наяад мянган хүн тэдний дунд цөөнгүй хүүхдүүд буусан гэрэл зургаараа тэрээр газар хөдлөлтийн эрсдлийг даахгүй барилга байшин бариулсан орон нутгийн эрх баригчид үүнд буруутай гэдгийг харуулжээ.

Хэдэн жилийн өмнө Германы Мюн­хений Урлагийн ордны нүүрэн хэсгийг чимсэн 9000 үүргэвчээр бүтээсэн зохиомж нь багагүй дуулиан дэгдээж байв. Сычуанийн газар хөдлөлтөөр амь үрэгдсэн бяцхан охины ээжийн бичсэн “Энэ дэлхийд би долоон жил жаргалтай амьдарлаа” гэсэн өгүүлбэрийг Вэйвэй үүргэвчээр бичсэн байлаа.

Элисон Клейманы ярьж буйгаар, тэрслүү үзэлтэн Ай Вэйвэй сэтгэл зүйн хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн олон чухал бүтээл туурвисан ба бүтээл тус бүрээр нь бүхэл бүтэн кино хийж болох гэнэ. “Ai Weiwei: Never Sorry” (“Ай Вэйвэй: хэзээ ч уучлалт бүү гуй”) нэртэй киног Германд анхлан үзүүлсэн нь учир утгатай. Германчууд уг зураачийг онцгой хүндэтгэлтэйгээр хүлээн авч, биширдэг. Ай Вэйвэй үүнд нь гайхаад байдаггүй. Германчуудын улс төрийн идэвх, анхаарал нь үүний шалтгаан гэж тэрээр үздэг байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж