Хаана байна, ус зайлуулах систем

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Хаана байна, ус зайлуулах систем

Улаанбаатар хотод ганц ч байдаггүй зүйл юу вэ? Эрх чөлөөний хөшөө, Линкольны хөшөө, Пирамид эсвэл Эйфелийн цамхаг огт биш. Энэ бол автозамын борооны ус зайлуулах шугам. Хэдийгээр бид жил болгон өдий төдий мөнгө хөрөнгөөр зам засдаг ч ус зайлуулах шугамаа шийддэггүй нь бараг уламжлал болжээ.

Хотын төвийн чухал барилга байгууламжийн нэг нь Төрийн ордон. Гэтэл тав ч хүрэхгүй минут орсон бороонд ордны зүүн талын зам бүхэлдээ усанд автжээ. Ус зайлуулах шугамаа шийдээгүй учраас тэр. Энэ хавийн зам бараг бүхэлдээ усанд автсан болохоор автомашинууд хурдаа сааруулахаас өөр аргагүй болжээ. Авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил бараг дөрөвдүгээр сарын сүүлчээр эхэлсэн ч Төрийн ордны хажуу талын замд ус зайлуулах төхөөрөмж суулгахаа мартжээ.

Нэг жилийн өмнө…

Нэг жилийн өмнө хэд, хэдэн замын ус зайлуулах шугамыг барихаар болсон билээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хорооллын авто зам, Геологийн төв лаборатори, Драгон төв орчмын автозам, Залуучуудын өргөн чөлөөний 0,9 км зам, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хорооллын дотор авто замын ус зайлуулах шугамыг тус тус шинэчлэх ажил эхэлсэн гэж байжээ. Гэхдээ жилийн дараах таван минутын бороо энэ ажлыг хийгээгүй болохыг тодорхой харуулав. Борооны ус зайлуулах нэг ширхэг ч болтугай нүх одоогоор алга. “Хотод маш их дутагдалтай байдаг зүйл бол яах аргагүй борооны ус зайлуулах шугам. Үүнийг бид тодорхой зураг төслийн дагуу хийх ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ бодлого алдагдсан” гэж автозамын мэргэжилтэн Г.Хишигбаяр ярив.

Улаанбаатар хотын хэмжээнд авто замын гадаргуугийн ус зайлуулах 63,8 км далд инженерийн шугам сүлжээ байдаг аж. Хотын 47 гудамжид байршуулсан энэхүү шугам нь нийтдээ 1545 шоо метр ус хүлээн авах шүүр худагтай юм байна. Инженерийн шугамыг дахин шинэчлэх боломж, нөхцөл одоогоор хотод байхгүй учир шинээр баригдаж байгаа замыг ус зайлуулах төхөөрөмжгүй хийдэг ажээ. Хэрвээ ус зайлуулах шугам сүлжээний хүчин чадал нь хэтрэх юм бол түүнээс муу байдал үүсч болзошгүй юм байна. “Хотын захиргаанаас зоригтой алхам хийх хэрэгтэй. Хэд, хэдэн жил дамнасан томоохон ажил хийж байж л ус зайлуулах төхөөрөмжийн чанарыг сайжруулж болох юм” гэж Г.Хишигбаяр ярилаа.

Тусламж, туслалцаа…

Энэ жилийн тухайд Япон улсын “Жайка” олон улсын байгууллагын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд ус зайлуулах байгууламж барихаар болсон билээ. Энэ хүрээнд Японы талаас голчлон техникийн хамтын ажиллагаа өрнүүлэхээс гадна мэргэжилтнүүдйиг сургах, өөрсдийн техник технологийг зааж, зөвлөгөө өгөх бол ус зайлуулах байгууламжийг барих ажлыг Монголын дотоодын компаниуд төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх аж. Хэд хоногийн өмнө Япон улсын авто замын төлөөлөгчид Улаанбаатар хотод иржээ. Тэд Улаанбаатар хотод ус зайлуулах байгууламж барих ажилд мэргэжлийн заавар зөвлөгөө өгөх бөгөөд Япон улсын Нигата мужийн Гадаад харилцаа, барилга, хот тохижилтын хэлтэс, Ницу бетоны үйлдвэр, “Эн Си И”, “Китак” компанийн төлөөлөгчид, нийслэлийн авто замын газрынхантай уулзаж хамтран ажиллахаар болсон байна.

Гэхдээ энэ бол ирээдүйд ажил хэрэг болох асуудал. Яг одоогийн байдлаар инженерийн шугам сүлжээг шинэчлэхэд шаардагдах техник эдийн засгийн үндэслэлийг гаргаж байгаа бөгөөд хэтдээ борооны ус зайлуулах хэд, хэдэн шугамыг нэмж суурилуулах юм байна. Улаанбаатар хотод байгаа 63,5 км борооны ус зайлуулах шугам сүлжээг 50-60 жилийн өмнө ЗХУ-ын авто замын мэргэжилтнүүд барьсан бөгөөд тухайн үеийн иргэдийн тоо болоод машины тоонд тулгуурлан ийм хэмжээний урттай шугам сүлжээг барьжээ.

Энэ жил ус зайлуулах төхөөрөмж нэмсэн үү?

Харамсалтай нь, энэ асуултад үгүй л гэж хариулах хэрэгтэй болж. Томоохон замуудын ажил нэгэнт эхэлчихсэн, зарим засвар дуусчихсан байгаа ч энэ жил ус зайлуулах төхөөрөмжийг суулгасан зам нэг ч алга. Энэ жил нийтдээ 114 тэрбум төгрөгөөр томоохон засварын ажлуудыг эхлүүлж байгаа юм. “Уг нь тодорхой хэмжээний мөнгийг төвлөрүүлээд энэ ажлыг эхлүүлсэн бол зүгээр байх байсан болов уу. Тэгэхгүй бол ус зайлуулах төхөөрөмжгүйгээр зассан зам нь дахиад л гэмтэнэ шүү дээ” гэж Г.Хишигбаяр ярив.

22-ын товчооны 4,4 км замыг шинэчлэх ажил эхэлсэн. Үүнд ус зайлуулах таван том хоолой барина гэж байсан ч зам барилгын ажил хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа юм.

Ус зайлуулах хоолой хэрэгтэй юу?

Мэдээж хэрэгтэй. Гадны улс орнуудад заавал ус зайлуулах асуудлаа шийдэж байж тухайн замын ажлыг эхлүүлдэг. Украйн, Польш гэх зэрэг улсуудад энэ нь замынхаа хуулинд зохицуулагдсан байдаг. Тийм ч учраас өндөр хөгжилтэй орнуудад нэг км замд 1,5 км инженерийн шугам сүлжээг суулгасан байдаг ажээ. Хэрвээ замыг нь хуулаад харах юм бол сүлжилдсэн олон хоолойг та харж болно. Авто замын системд харьцангуй хожуу нэвтэрсэн энэ системийг өдгөө дэлхийн өндөр хөгжилтэй улсууд ягштал мөрдөж байна. Тийм ч учраас зам эвдрэх өөрөө хэлбэл дахин засах шаардлага бараг гардаггүй аж. Сүүлийн үед Япон улс нанотехнологиор шинэ асфальт хийгээд байна. Энэ нь нарны халалтаар агшиж сунадаг материал бөгөөд усыг өөртөө шингээдэг материал аж. Нигата, Осака гэх мэт мужуудад туршилтаар тавьж эхэлсэн бөгөөд анхны үр дүн нь маш сайн байгаа тухай гадныхан бичиж байна.

Биднийг энд ус зайлуулах системээ шийдэж ядан байтал дэлхийд дараагийн технологи гарч ирлээ. Тусгай материалаар хийсэн цемент. Үүнийг ашигласнаар маш их хэмнэлт гардаг гэх. Гэхдээ одоогоор бидэнд ус зайлуулах хоцрогдсон ч гэсэн хоолой хэрэгтэй байна даа.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж