Мөн л дараагийн зургадугаар хэсгийн хороог зүглэв. Замын хөдөлгөөний ачаалал бага байсан тул богино хугацаанд очив. Энд ажиллаж буй хэсгийн хорооны нарийн бичгийн дарга н.Баярсайхан “Сонгогчдын саналыг зургадугаар хэсгийн ажлын бүрэлдэхүүн ажиллаж байна. 1500 гаруй хүнээс 1000 нь өгөөд байна. Иргэний бүртгэлээс ирсэн нэрсэнд жижиг хэмжээний зөрчил гарч байгаа боловч томоохон зөрчил алга” гэсээр угтлаа. Энэ хэсэг дээр гурав дахь хүчин эвслээс ажиглагч хийж буй Х.Алтанцэцэг “Ямарваа нэгэн зөрчил гараагүй. Дөрөвдүгээр хорооны засаг дарга, СӨХ-ны даргатайгаа гадуур холхилдож хүмүүсийг ятгах гэж оролдож байх шиг байна” гэлээ. Сонгуулийн санал өгөх байранд найман санал өгөх бүхээг байснаас гурав нь л эзэнтэй байлаа.
Өнгөрсөн сонгуулийн санал хураалтын 22.00 цаг болчихоод байхад олон хүн орох гэж будлиан үүсгэж байсан бол энд санал хураах цаг дөхөж буй үед саналаа өгөх гэж овоорсон хүн даанч байсангүй. Дахиад л гарч дараагийн хэсэг рүү явсан ба сонгуулийн санал хураалт дуусах цагтаа уралдан УИХ-ын 24-р тойргийн хаалгаар орж амжив. Сонгуулийн хууль ёсоор санал хураалтыг өндөрлүүлж автомат машины саналын тоог хэвлэх ажилдаа оров. Энд санал хураалтыг авсан хоёр машины нэг нь 827 сонгогчийн саналын хуудсыг авсан байх бөгөөд УИХ-ын сонгуульд МАН-д 219, Ардчилсан нам 245, Монголын ногоон нам 12, ИЗНН-99, Гуравдагч хүчин эвсэл 22, МАХН, МҮАН-ын Шударга ёс эвсэлд 184 гэх мэтээр саналаа өгсөн байлаа. Машинаас гарсан саналын хуудсыг ажиглагчдын тоогоор хэвлэн өгсөн бөгөөд хэсгийн хорооныхон энд авсан эцсийн дүнг СЕХ-руу онлайнаар илгээлээ. Энд хэсгийн хороон дарга Б.Мөнхамгалан “2461 сонгогчоос 1593 хүн ирж саналаа өгсөн байна. Сонгогчдоос эрэгтэй 673, эмэгтэй 920 сонгогч байсан байна” гэв. Ажиглагчид ч “сонгууль хуулийн хүрээнд явагдсанд баяртай байна” гэцгээж байлаа. Ийнхүү 40 минутын дотор дөрвөн хэсгийн хороогоор орж амжлаа. Үүнтэй эдгээр хороодод саналаа өгөх ёстой 1000-1500 орчим сонгогч ирж саналаа өгөөгүй нь сонгогчдоос өөрсдийнх нь дур сонирхлоос болж байна гэж дүгнэхээс өөр арга байсангүй.