Монголчууд анх удаа автоматаар санал өглөө

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Монголчууд анх удаа автоматаар санал өглөө

УИХ, НИТХ-ын сонгууль өглөө 07.00 цагт эхэллээ. Санал хураалтыг эхлүүлэхийн өмнө хэсгийн хороодын ажилтнууд санал авах машины ажиллагааг санал өгөхөөр ирсэн сонгогчдод танилцуулж, битүүмжлэлийг хийсэн тул эхний сонгогч 07.15 минутад саналаа өгч эхлэв. Санал авах ажиллагаа эхэлснээс хойш саналын хуудас тоолох автомат машин гацах, саналын хуудас уншихгүй байх зэрэг техникийн асуудал үүсч байсан ч тухай бүрт нь явуулын техникийн баг ажиллаж хэвийн үйл ажиллагааг хангав. Техникийн энэ мэт асуудлаас болж зарим хэсгийн хорооны санал авах ажиллагаа цагтаа эхэлж чадсангүй. Тухайлбал, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий, Сэлэнгэ зэрэг аймгуудад автомат машин саналын хуудас уншихгүй байх, саналын хуудасны зүсэлт өргөн нарийн байх зэрэг зөрчлүүд гарсан ч СЕХ-ны ажилтнууд хэсгийн хороодод ажиллаж, цаг хугацаа алдалгүй зөрчлийг зассан байна.

Энэ удаагийн сонгуульд нийслэлчүүд УИХ, НИТХ-ын төлөөлөгчдөө сонгож буй. Улсын хэмжээнд нийт нэг сая 833 мянга 478 иргэн санал өгөхөөр нэрсийн жагсаалт эцэслэн гарчээ. Үүнээс нийслэлд 804 мянга 470 иргэн УИХ, НИТХ-ын сонгуульд санал өгөх бол орон нутагт УИХ-ын сонгуульд нэг сая 029 мянга найман хүн санал өгөхөөр болсон. Санал өгөх ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэсэн мэдээллийг СЕХ өгч байсан ч хэд хэдэн тойргийн хэсгийн хороодод зөрчлүүд гарч байсан. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт хэсгийн хорооны ажилтан нэг хүнд хоёр саналын хуудас өгч, нэг хүн хоёр санал өгөх гэж байгаад баригдсан хэргийг ТЕГ шалгаж эхэлжээ. Энэ мэтчилэн гомдол, санал хүсэлт ирж байсан ч тойрог, хэсгийн хороодод шалгаж, холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж байсан юм.

Автомат машинаас болж зарим хэсгийн хорооны санал авах ажиллагаа цагтаа эхлээгүй. Тиймээс санал авах цагийг сунгах болов уу гэсэн асуулт олон хүнд байсан. Энэ талаар СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн санал авах хугацааг сунгахгүй. Хуульд 20.00 цаг буюу оройн найман цагт дуусгахаар заасан. Тэр заалтын дагуу санал хураалт зогсоно” гэлээ. Түүнчлэн “Шинэ машин ашиглахдаа иргэд, зохион байгуулагчдын туршлага, мэдлэггүйгээс зарим асуудал гарсан. Санал тоолох машинаар 500 саналын хуудас авсны дараа санал авах машины толгойг арчиж цэвэрлэж байх ёстой юм билээ. Гэвч хөдөө орон нутагт ачааллаасаа болоод ингэж цэвэрлэхгүй гацааж байна. Дорнодын нэгэн сонгогч саналын хуудсаа нугалж хийснээс болж автомат машин гацсан тохиолдол гарсан. Түүнчлэн өглөө хэсгийн хорооны дарга нь нууц үгээ мартчихсан, кодоо буруу хийсэн зэргээс болж хугацаа алдсан зүйл гарсан” гэв.

12.00. Сонгуулийн санал авах ажиллагаа эхэлснээс таван цагийн дараа буюу 12.00 цагийн  байдлаар нийслэлд 147 мянга  610 буюу 18 хувьтай байсан бол орон нутагт 205 мянга буюу 19 хувьтай байсан юм. Улсын хэмжээгээр санал өгөх ажиллагаа буюу ирц 19 хувьтай байсан.

16.00. Харин үдээс хойш буюу 16.00 цагийн байдлаар улсын хэмжээнд УИХ-ын сонгуульд санал өгч буй иргэдийн ирц 49,81 хувьтай болсон талаар СЕХ-ноос мэдээллээ. Хамгийн өндөр ирцтэй тойргоор Завхан аймаг тодорч, тус аймгийн сонгогчдын 64,92 хувь нь саналаа өгсөн байв. Нийслэлээс Баянгол дүүрэг хамгийн өндөр буюу 50,05 хувийн ирцтэй байв. Энэ үеэр СЕХ-ноос “Гадаадад ажиллаж сурч буй иргэдийн өгсөн саналыг оройн 20.00 цагаас хойш тоолохоор тооллогын ажлын хэсгийг томилсон” тухай мэдээллээ. Хуулинд зааснаар гадаадад амьдарч, ажиллаж байгаа иргэдийн саналыг УИХ-ын сонгуулийн дүнтэй нэгтгэж тоолох ёстой. Мөн зургадугаар сарын 26-ны өдөр зөөврийн хайрцгаар санал өгсөн иргэдийн саналыг мөн сонгуулийн дүнтэй хамтатган тоолох ёстой аж.

Сонгуулийн дүн үнэн бодит гарах эсэх дээр нам эвслийн төлөөлөл итгэлгүй байна гэсэн шүүмжлэлийн дагуу тойрог бүрээс хоёр хэсгийг сугалаагаар сонгож, хяналтын гар тооллого явуулахаар болсон байв. Туршилтын тооллого нь машины тооллогод итгэл үнэмшил үзүүлэх ач холбогдолтой. Тиймээс нам, эвслүүдийн саналаар хяналтын тооллого явуулах журам гаргасан байна. Өчигдөр орой 16.00 цагийн байдлаар сонгогчдын ирцийг өмнөх сонгуулийнхтай харьцуулахад сонгогчдын идэвхи буурсан байлаа. Тодруулбал, 2008 оны УИХ-ын сонгуулиар 17.00 цагт сонгогчдын ирж 57 хувьтай байсан гэдгийг албаныхан хэлж байлаа. Гэхдээ энэ удаа санал авч дуусах цаг наашилсантай холбогдуулан ирцийн байдлыг мөн нэг цагаар наашлуулж зарлаж байгаа нь үүнд нөлөөлж буйг ч бас хэллээ.

УИХ, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн зарим хэсгийн хороонд сонгогчдоосоо тааруу мэдлэгтэй төрийн албан хаагчид санал хураалтын ажлыг удирдан явуулж байв. УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн 28 дугаар хэсэг, Нийслэлийн ИТХ-ын 28 дугаар тойргийн 28 дугаар хэсгийн хороонд хэсгийн хорооны ажилтнуудын гаргасан алдаа, улс төрийн нам, эвслүүдийн ажиглагчдын олж мэдээгүй зөрчлийг сонгогчид нь хэлж засуулсан байна. Тус хэсгийн хороо нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Х хорооны Засаг даргын Тамгын газрын байранд байрлаж байгаа юм. Баянхошууны шинэ эцсийн буудалд байрлах тус хэсгийн хороонд өглөөгүүр саналаа өгсөн хүмүүст иргэний үнэмлэх дээр нь тасалбарын нэг хувийг үдэж өгөлгүй гаргаж байсан юм. Тасалбар өгөх ёстой талаар хэлэхэд хэсгийн хорооны ажилтнууд үдээсний машинаар иргэний үнэмлэхийн өнцөг дээр дарж үдээсийг үлдээгээд “Энэ төмөр байхад дахиж санал өгөх хүн байхгүй” хэмээн гөжүүдэлж байсан. Энэ алдааг сонгогчид нь хэсгийн хороонд хэлж, улмаар тойргийн хороонд өргөдөл гаргуулж байж үдийн 12.00 цагаас засуулжээ. Түүнээс хойш иргэний үнэмлэх дээр тасалбарыг үдэж өгч эхэлсэн байна. Тус 26 дугаар тойргийн 28 дугаар хэсэгт 2877 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ. Үдийн 12.00 цаг гэхэд 654 сонгогч саналаа өгч, бүгдэд нь тасалбар өгөлгүй явуулсан байна. Яагаад ийм зөрчил гаргасан талаар хэсгийн хорооны ажилтнууд, улс төрийн нам, эвслийн ажиглагчдаас асуухад “Тасалбар үдэж өгч явуулах ёстойг мэдээгүй. Сонгогчдод өгөхгүй байх, эндээ үлдээх байх  л гэж бодсон” гэж байлаа. Ажиглагчдын хэлснээр сонгогчид гомдол гаргаж байж асуудлыг цэгцэлжээ. Сонгогчдодоо яаж санал өгөх ёстойг зааж зааварлах учиртай хэсгийн ажилтнууд ийнхүү сонгогчдоороо алдаагаа засуулаад сууж байв.

Сонгогчдын бүртгэлийн хуудсыг Иргэний үнэмлэхтэй үдэх ёстой

Үдийн 12.00 цаг хүртэл саналаа өгсөн 654 сонгогчийн тасалбарыг салфетканы хайрцагт хийж ажиглагчид мэдэлдээ авчээ. Иргэний шинэчилсэн бүртгэлд орсон иргэдийн мэдэээлэл бүхий, нууцын зэрэглэлд байх ёстой уг тасалбарыг хэрхэх гэж буйг асуухад “Скочдоод хадгалах ёстой байх. Тойргийн хороонд өгөх ёстой бол өгнө” гэж байлаа. Асуусны дараа л тэд хайрцагтай тасалбараа скочдох ёстой юм байна шүү хэмээж байв. “Өглөө саналаа өгсөн иргэдийн үнэмлэх тасалбаргүй байгаа нь санал өгсний баталгаа болох уу” гэхэд “Үдээсний төмөр байгаа болохоор саналаа өгсөн гэж үзнэ” хэмээн хэнэггүйтэж байв. Иймэрхүү хариуцлагагүй, сонгууль яаж өгөх талаар сонгогчдоосоо долоон дор мэдлэгтэй төрийн албан хаагчид, найзан дундаа хэнэггүй ажиглагчид зарим хэсэг дээр ажиллаж байна.

Булган аймагт хэсгийн хорооны ажилтан хууль зөрчжээ

Булган аймаг буюу УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойргийн 15 дугаар хэсгийн хорооны ажилтан н.Саруулсайхан өнөөдөр Сонгуулийн хуулийг хоёр удаа ноцтой зөрчөөд байгаа талаар мэдээлэл ирлээ. 

Сонгуулийн хэсгийн хорооны ажилтан н.Саруулсайхан тангараг өргөсөн төрийн албан хаагч атлаа зургадугаар сарын 28-ны өглөө 09 цагийн орчим саналын хуудас тоолохдоо давхар тоолохыг оролдож анхны сануулгаа авсан байна. Сануулга аваад хашраагүй тэрбээр үдээс хойш 16 цаг 21 минутад саналын хуудас сонгогчид давхардуулан өгч байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Сонгуулийн хуулиар нэг сонгогчид нэг саналын хуудас олгох ёстой.

Түүний хууль зөрчсөн дараалсан үйлдлийг Булган аймгийн Ардчилсан нам баталгаажуулан Булган аймгийн 4 дүгээр тойргийн хорооны дарга Ц.Дагвадашид “Хууль зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хатуу арга хэмжээ авч, сонгуулийг шудрага, хуулийн дагуу явуулах нөхцөлийг бүрдүүлж өгнө” хэмээн албан ёсоор хандаад байна.

Нэг цагийн зөрүүтэй баруун гурван аймгаас бусад тойрог, хэсгүүдэд 20.00 цагт УИХ-ын сонгуулийн санал хураалтыг дуусгаж санал тоолох автомат машиныг лацдаж цагдаагийн хамгаалалтад авч байна. Үүний дараа хэсгийн 1905 хороо тус бүр саналын дүнгээ нэгтгэж 26 тойргийн хороондоо илгээх юм. Тойргийн хороод хэсгүүдийн дүнг СЕХ-нд өгнө. 

СЕХ-ноос 21.00 цагт сонгогчдын ирцийн нэгдсэн мэдээллийг өгөх юм. Маргааш үдийн үед СЕХ-ноос УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын дүнг урьдчилсан байдлаар танилцуулах бололтой байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж