Гадаад дахь монголчууд АН-ыг сонгожээ

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Гадаад дахь монголчууд АН-ыг сонгожээ

Түүхэндээ анх удаа гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэдээ сонгуулийн санал хураалтад хамруулсан энэ удаагийн сонгуулийн гадаад дахь иргэдийн саналын дүнг СЕХ-ноос танилцууллаа. Эх орноосоо хол ажиллаж, амьдарч буй монголчуудын санал авах үйл ажиллагааг зургадугаар сарын 10-нд 39 дипломат төлөөлөгчийн газарт сонгуулийн санал авах салбар комиссуудад зохион байгуулж, нийт 2777 иргэн саналаа өгсөн. Тэдний хувьд нэр дэвшигчийн төлөө санал өгөх эрхгүй ч сонгуульд өрсөлдөх эрхтэй 11 нам, хоёр эвслийн төлөө сонгуульдсан юм.

Битүүмжилсэн хайрцаг бүхий гадаад дахь монголчуудын саналыг өнөөдөр тоолсон. Ингээд СЕХ-ноос нэгдсэн дүнг танилцуулав.

Нийт 2777 саналын хуудаснаас 2737 хүчинтэй санал уншигдсан. Үүнээс Ардчилсан нам 1242 буюу 45,38 хувийн санал авчээ. Харин Монгол Ардын нам 670 /24,48 хувь/, Иргэний Зориг Ногоон Нам 336 /12,28%/, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 265 /9,68%/, Монголын ногоон нам  51 /1,86%/, “Гурав дахь хүчин” эвсэл 49 /1,79%/, Иргэний хөдөлгөөний нам 40 /1,46%/, Монголын Уламжлалын нэгдсэн нам 16 /0,58%/, Монголын Социаль Демократ нам 16 /0,58%/ санал тус тус авчээ. Түүнчлэн Эх орончдын нэгдсэн нам 16 /0,58%/, Эх орон нам 15 /0,55%/, Хөгжлийн хөтөлбөр нам 15 /0,55%/, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 6 /0,22%/ санал авсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж