МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс УИХ-ын гишүүн Ч.Улаан, МҮАН-ын дэд дарга Н.Батцэрэг, өмгөөлөгч О.Баасанхүү нар мэдээлэл хийж УИХ-ын 24 дүгээр тойрог, Нийслэлийн ИТХ-ын 14 дүгээр тойргийн 16 дугаар хэсэгт хяналтын тооллого хийх нэрээр саналын хуудсыг автомат машинаас гаргаж гараар тоолж будилуулж буй талаар хэлсэн юм. Шөнийн 00.30 цагт газар дээр нь очиход Дөлгөөн нуур төвийн ард орших уг хэсгийн хорооны гишүүд санал тоолох машиныг нээж саналын хуудсуудыг гаргасан байв. Тойргийн хорооноос тус хэсэг дээр хяналтын тооллого явуулна хэмээсэн ч саналын хуудас гаргасан хойно явуулахгүй гэснээс маргаан үүсчээ. Мөн хүчингүй саналын хуудас 63 гэж гарсан ч нүдэн баримжаагаар түүнээс олон байсан гэж ажиглагчид хэлж байлаа.
Тойргийн хороо саналын хуудсуудыг тойрог дээр авчрахыг шаардаж, ажиглагчид нэгэнт хүний гар хүрсэн хуудсуудыг хэсгийн хорооны байрнаас гаргахгүй гэснээс үүдэн тэнд маргаан үүсээд байсан юм. Уг асуудлаар МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийнхэн СЕХ-нд хандаад байна.
Д.ОЮУН