Урин
дулаан зуныг үдэж намартай золголоо. Энэ улиралд өмсөх гоёлоо охид,
бүсгүйчүүд бэлтгэж амжаагүй байгаа бол анхаарлаа хандуулаарай. Энэ
намрын загварын чиг хандлага, намрын гоёлын талаар Урлах эрдэм дээд
сургуулийн захирал С.Тунгалагтай ярилцсан юм.
-Юуны түрүүнд энэ намрын загварын чиг хандлага ямар байх талаар ярилцлагаа эхлэх үү?
-Улирлын загварын өнгийг
тодорхойлоход хэд хэдэн гол шинж дээр тулгуурлаж ярих шаардлагатай
байдаг. Хувцасны мода гэдэг өөрөө хэлбэрийн өөрчлөлт байдаг. Иймд
эхлээд хэлбэр нь ямар болж байгаа, өнгө, тухайн хувцасны төрөл, дараа
нь хувцастай дагалдах гоёл чимэглэлийг ярих ёстой. Ингээд энэ бүгд чинь
бүхэлдээ загвар гэсэн үг юм.
Нэмж хэлэхэд өдөр тутмын хувцас
хүний ердийн хэрэглээ байдаг, харин загварын хандлага гэдэг бол
хөгжлийг харуулж байдаг. Иймд хүмүүс энэ хандлагыг өөрсдийнхөө гоо
сайхны мэдрэмж, аж төрөх ёсонд, биеэ авч явах соёлд хэрхэн тусгах вэ
гэдэгт анхаарах ёстой. Тэгэхээр энэ оны намар, өвлийн улиралд
дизайнерууд хэд хэдэн дүр төрхийг гаргаж байгаа. Нэгдүгээрт 40-өөд оны
дүр төрх моданд орж байгаа. 40-өөд он гэхээр дайны үе. Дайны үед
хослолууд, пиджак, урт банзал, саарал өнгө, хар хослолууд санаанд чинь
бууж байгаа биз дээ. Жүжигчин Марлен Дитрих маягын тийм хослолууд дайны
үед жинэхэнэ мода болж байсан. Хоёрдугаарт 60-70-аад оны загвар. Энэ нь
тарпец хэлбэрийн загварууд болон дэрвэгэр, бөмбөгөр хормой. Мөн 80-аад
оны загварууд дизайнеруудын бүтээлд тод илэрлээ олсон байна.
-Хуучны загварууд эргэн ирж байгаа юм аа даа?
-Тийм ээ. Хуучны загварууд эргэн
ирж байна. Гэхдээ, тухайн онд мода болж байсан загварын ерөнхий хэлбэр
байх боловч, дизайнерууд өөсрдийн ур, ухаанаа гарган шинэ зүйлийг нэмж,
илүү боловсронгуй болгодог юм. Ингэж байж л загвар болно шүү дээ.
Түүнээс биш шууд л тэр 60,70 онд мода болж байсан хувцасыг яг тэр
чигээр нь хийнэ гэсэн үг биш шүү дээ.
-Мэдээж загварт өнгө хамгийн чухал нь байдаг. Энэ намар, өвлийн загварт ямар өнгө зонхилох бол?
-Хувцасны загварт өнгө маш чухал ач
холбогдолтой. Энэ жилийн улиралд хар, улаан өнгийн хослол тэргүүлэх
зэрэгтэй байгаа. Энэ хоёр өнгө маань дахин давтагдашгүй хурц тод дүр
төрхийг илэрхийлж чаддаг. Мөн хар цагааны хослол. Гэхдээ энэ хоёр
өнгийг хослуулахдаа цагаан цамцан дээр хар өмд өмсөнө. Өмнө нь цагаан
цамц байсан уу байсан, хар өмд байсан уу байсан. Тэгвэл юугаараа онцлог
юм. Энэ хоёр хослол маш олон дизайнеруудын бүтээлд хүчтэйгээр орж ирж
байгааг анзаарахгүй байх аргагүй. Цасан цагаан цамц, бид цагаан
даашинз, банзалын тухай яриагүй. Энэ бол цамц. Харин өмд нь маш өргөн
шуумагтай, өндөр суудалтай байх юм. Голлох өнгийг ярилаа. Дээр нь төрөл
бүрийн маш хурц өнгөнүүд мода байгаа. Бүр ассан хурц гэж хэлэх юм даа.
Лемон шар, ягаан, алтлаг, мөнгөлөг, улбар шар, номин ногоон, хөх өнгө
энэ улирлын зонхилох өнгөнүүд байна. Яахав хүмүүс энэ хурц тод
өнгөнүүдийг зөвхөн зуны загварын өнгө гэдэг. Өвлийн үстэй малгай байлаа
гэхэд тод лемоны шар өнгөтэй байх жишээтэй. Ер нь гурван бүлэг өнгө
яваад байгаа юм. Эхнийх нь хар улаан, хар цагаан буюу сонгодог, хоёр
дахь нь ассан хурц өнгө. Харин гурав дахь нь нитраны буюу байгалийн
өнгө, нүцгэн биеийн өнгө, сааралдуу, үзмэн ягаан өнгөнүүдийг
дизайнерууд хамгийн их ашиглаж байна.
-Тэгвэл хувцасны хэлбэрийн хувьд ямар байх бол?
-Түрүүн би дурдсан. Пальто, цамц
бүгд хэлхгэр ханцуйтай, унасан мөртэй, энгийн шулуухан, том мөртэй
загварууд зонхилж байна. Мөн эрэгтэй хүний пиджак эмэгтэй хувцсан дээр
орж ирэх болсон. Жишээлэхэд том мөртэй, доошоогоо маш бариу, урт пиджак
байх жишээтэй.
-Ер нь сүүлийн үед урт пиджакыг мини даашинзтай хослуулж өмсөх болсон?
-Бид нар хийхдээ, урт пиджакныхаа
урттай тэнцүү эсвэл арай богинохон шорттой хослуулж хийсэн байдаг. Маш
гоё харагддаг. Мөн энэ намар цэргийн маягийн хүрэм, савхин хувцас маш
их өмсч байгаа.
-Нэг хэсэг, бариу ташааны өмдийг охидууд өмсөх болсон. Энэ намар, өвлийн хувьд ямар загварын өмд мода болж байна вэ?
-Өмдний хувьд өргөн шуумагтай,
суудал өндөр, өргөн, тарпец өмднүүд мода болж байна. Нэг хэсэг ташааны
өмд мода байсан нь үнэн. Харин энэ жил бол суудал өндөр. Яг л хуучны
загварын. Харин нарийхан өмдийг бол хүмүүс өөрсдийн өдөр тутмын
хэрэгцээндээ өмсөх байх. Ер нь бол өргөн урт шулуун өмд хөлийг их
сайхан харагдуулдаг.
-Намар, өвөл гадуур хувцас сайхан байвал болдог шүү дээ. Энэ жилийн хувьд гадуур хувцасаа хэрхэн сонгох уу?
-Мини хормой энэ намрын мода юм.
Богино бөмбөгөр хормой, унасан мөртэй, их том ханцуй, энгийн шулуун
хэлхгэр загвар. Яг л миний түрүүний хэлсэн хуучны загварууд мода болж
байна. Тэгээд тэр хэлхгэр пальтог нарийхан бүсээр дундуур нь бүслэхээр
эмэгтэйлэг төрх гарч ирж байгаа юм.
-Тэгвэл бүсгүйчүүд маань пальто нь дээрээ ямар загварын гутал өмсвөл зүгээр вэ?
-Гадуур хувцас нь богино байвал
гутлын түрий урт байх хэрэгтэй. Энэ жилийн хувьд их урт түрийтэй гутал,
эсвэл бүр богино, шагайнаас доогуур загварууд голлож байна. Гутлын
түрий өвдөгний дээгүүр татсан эсвэл шагайны доогуур байвал тэр чинь л
загвар шүү дээ.
-Гутлын өсгийний хувьд, платформ ул хэвээр юу?
-Өндөр өсгийтэй, платформ ул хэвээрээ байгаа. Гэхдээ өсгий маш этгээд сонин хэлбэртэй байна. Янз бүрийн сонин хэлбэрийн.
-Эмэгтэйчүүд бидний бас нэгэн гол хэрэглээ цүнх байдаг?
-Тэгэлгүй яахав. Цүнхний хувьд их
том, том цүнхнүүд мода хэвээрээ байгаа. Дээр нь чимэглэлтэй, цацагтай ч
юм уу. Бас жижиг гар цүнх, бидний хэлдгээр түрийвчин хэлбэртэй.
-Малгайны хувьд ямар загвар загвартай байх вэ?
-Чихтэй малгай. Оросын дээр үеийн малгайнууд шиг. Чих нь буудаг малгай мода болж байна. Гэхдээ их тод тод өнгийн байх хэрэгтэй.
-Өнгөрсөн жил урт бээлий мода болж байсан, энэ жил хэвээрээ байх уу?
-Үгүй ээ. Пальто нь их том
бөмбөгөр, сул ханцуйтай байгаа. Тиймээс маш богино бээлий өмсөх
хэрэгтэй. Урт бээлийг ханцуй нь богино пальто нь дээр өмсч болно.
-Тэгвэл гоёл чимэглэлийн хувьд ямар байх бол?
-Энэ жил хүзүүний зүүлт их том,
нүсэр байгаа. Бугуйвч, бөгж мөн адил нүсэр том хэлбэрийн байх болно.
Загварт бас нэг чухал зүйл бол нүүр будалт байдаг. Энэ жилийн хувьд
уруул нь маш тод улаан, улбар шар өнгөөр будах жишээтэй байна. Харин
нүдийг хүрээлж буддаг болсон. Яг л нэрт жүжигчин Одри Хёпберн шиг.
Хөмсөг нарийн зураасан юм шиг, уруул тод, нүд тод тийм л будалт энэ
жилийн загварыг илүү тодотгож өгч байгаа юм.
Эрчүүд энэ намар бие барьсан, задгай энгэртэй цамц, пиджакаар гангарна
-Эрчүүдийн хувьд энэ намрын загвар ямар байх бол?
-Мэдээж дээр хэлсэнчлэн нийтлэг
шинж тэмдэгүүд байгаа. Хослол, пиджакны хувьд бие барьсан загвар мода
болж байна. Цамцны энгэр бага зэрэг задгай, харин өнгөний хувьд цэвэр
өнгөнүүд зонхилоно. Хар, хүрэн зэрэг.
-Цүнх, гутлын хувьд?
-Эрчүүдийн хувьд маш сайн чанарын
арьсан гутал, цүнх мода болж байна. Цүнх нь мөн адил том, эсвэл жижиг
байна. Бугуйнаасаа зүүчихдэг, жижиг цүнх.
-Тэгвэл ямар шил зүүх вэ, эрчүүдийн гоёл чимэглэлийн хувьд ямар байх бол?
-Шилний хувьд сонгодог, жижиг
загварын шил зүүх хэрэгтэй. Эрчүүдийн гол гоёл бол зангианы зүүлт, цаг
байдаг. Гоёлын хувьд маш сайхан цаг, зангианы зүүлт зэргийг
хувцаслалтандаа тохируулан зүүх хэрэгтэй.
-Ингэхэд танай сургуулиас зохион байгуулдаг загварын долоо хоног хэзээ болох вэ?
-Манай сургууль жил бүр, жилд хоёр
удаа загварын долоо хоногыг зохион байгуулдаг байгаа. Намар бид “UB
Fashion week” гэж манай сургуулийн шилдэг багш, дизайнеруудын шилдэг
бүтээлийг танилцуулдаг. Гэхдээ өдөр бүр өөр, өөр хүний загварыг
танилцуулдаг. Зарим хүмүүс долоо өдөр нэг загвараа үзүүлдэг гэж
ойлгодог юм байна лээ. Харин хавар манай сургуулийн төгсөгч оюутнуудын
дипломын ажил буюу “Зуны загварын долоо хоног” болдог. Энэ жилийн хувьд
арваннэгдүгээр сард бид “UB Fashion week” шоугаа хийхээр төлөвлөж
байна.
-Урлах эрдмийн дизайнерууд одоо ямар бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
-За манай сургуулийнхан одоо
“Харанга” хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын тайзны хувцаслалтыг хийж
байна. Их сайхан хувцаснууд хийж байгаа. Мөн дуучин С.Нарангийн
аравдугаар сард болох тоглолтын хувцас дээр ажиллаж байна. Бас “Мотив”
хамтлагтай хамтарч ажиллаж эхэлсэн. Удахгүй “UBS Music Awards” болох
гэж байна. Тиймээс байнгын хамтарч ажилладаг “Гурван охин”, “Киви”
хамтлагийн охидуудынхаа хувцасыг хийж байна даа.
М.Дөлгөөн/2009 оны 9 сарын 25/