УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “Өмнө хэлж байсан хэвээр 48 мандатын 25-26 суудлыг авах боломжтой байна.
Улаанбаатар хотод нэлээд маргаантай асуудал гарч байна. СЕХ-ноос өнөөдөр 06.00 цагийн орчим журам гарсан. Тэр журам “хэсгүүд дээр саналын тооллого хийж дууссаны дараа хоёр тойрогт хяналтын тооллого хийнэ” гэсэн агуулгатай. Иймд энэ журмын дагуу эхлээд хяналтын тооллого хийх тойргууд тодорхой болох хэрэгтэй байна. Гэтэл үүнээс өмнө зарим хэсэг дээр хэсгийн хороодоос саналын хуудас татах ажил явж байна.
Жишээ нь Хан-Уул дүүрэгт ийм тохиолдол боллоо. Шалгах асуудал нэлээн гарч байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 40-41 дүгээр хэсэг дээр дахин тооллого явууллаа. Нэг нэр дэвшигч дээр дөрвөн санал дутаж байсан газар дахин тоолоход 140 хүнээр илүү гарлаа. Иймд хяналтын тооллогыг хийсний дараа нэр дэвшигчдийн нэр илүү бодитой болох нь” гэв.
Мөн цааш нь “Аль тойргийн хороон дээр дахин тоолохыг тогтоосны дараа санал хураасан саналын хуудсыг тойргийн хороод руу татах ёстой. Гэтэл ингэхгүй байна. Үүнийг зохион байгуулалттай хийж байна уу, эсвэл дүрэм журмыг мэдэхгүйгээс ийм зүйл болж байна уу гэдгийг СЕХ-нд асуудал тавьсан. Тойрог бүрийн хоёр хэсэгт хяналтын тооллого хийгээгүй байна. Иймд бид албан ёсны дүн гартал нэр дэвшигчдийн талаар мэдээлэл хэлмээргүй байна” гэв.