Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гэргий Х.Болормаа хүүхдүүдийн хамт өглөөний 8 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх сонгуулийн 4-р хэсгийн хороонд хүрэлцэн очиж саналаа өгсөн.
“Өнөөдөр бид дөрвөн жилд нэг удаа олддог сонгох эрхээ эдэлж байна. Аливаа ардчилсан улс орны адилаар манай иргэд төрөө сонгож бүрдүүлдэг. Төрөө сонгох энэхүү үйл ажиллагаандаа идэвхитэй, хариуцлагатай оролцохыг нийт ард иргэддээ уриалж байна. Мөн сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчид, улс төрийн намууд хуулийг чанд сахиж, ард түмнийхээ сонголтыг хүндэтгэхийг хүсч байна.
Ингээд энэ удаагийн сонгууль өмнөх түүхэн сонгуулиудын нэгэн адилаар монголын хөгжил дэвшилд хүрэх боломжийг нээж, эрхзүйт шударга нийгмийг байгуулахад түүхэн хувь нэмэр оруулсан сонгууль болно гэдэгт итгэж байгаагаа дахин илэрхийлье.
Та бүхэн хуулиа дээдэлж, сонгуульдаа идэвхитэй, шударга оролцоорой” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монголын ард түмэндээ хандаж хэллээ.