
Энэ талаар СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн санал авах хугацааг сунгахгүй. Хуульд 20.00 цаг буюу оройн найман цагт дуусгахаар заасан. Тэр заалтын дагуу санал хураалт зогсоно” гэлээ. Түүнчлэн “Шинэ машин ашиглахдаа иргэд, зохион байгуулагчдын туршлага, мэдлэггүйгээс зарим асуудал гарсан. Санал тоолох машинаар 500 саналын хуудас авсны дараа санал авах машины толгойг арчиж цэвэрлэж байх ёстой юм билээ. Гэвч хөдөө орон нутагт ачааллаасаа болоод ингэж цэвэрлэхгүй гацааж байна. Дорнодын нэгэн сонгогч саналын хуудсаа нугалж хийснээс болж автомат машин гацсан тохиолдол ч гарсан. Түүнчлэн өглөө хэсгийн хорооны дарга нь нууц үгээ мартчихсан, кодоо буруу хийсэн зэргээс болж хугацаа алдсан зүйл гарсан” гэв.