Саналын хуудсаа дутуу бөглөсөн бол яах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Саналын хуудсаа дутуу бөглөсөн бол яах вэ?

УИХ-ын сонгуулийн ажиллагаа үргэлжилж байна. Энэ үеэр зарим сонгогчдоос манай редакцид “Саналын хуудсан дахь тэмдэглэгээгээ дутуу хийчихлээ, миний өгсөн санал хүчингүй болсон уу” гэх асуултыг тавьж байгаа.

Ийм тохиолдолд асуудлыг хэрхэн зохицуулсныг хүргэж байна. Саналын хуудсын санал өгөх хэсгийг үндсэнд нь дөрөв хувааж болох бөгөөд  1-р хэсэг нь УИХ-д мандатаар нэр дэвшиж буй хүмүүс, 2-р хэсэгт УИХ-д өрсөлдөж буй намуудын нэрс, 3-р хэсэгт НИТХ-д мандатаар нэр дэвшиж буй хүмүүс, 4-р хэсэгт  НИТХ-д өрсөлдөж буй намуудын нэрс буй аж.

Зарим иргэд анхааралгүйгээс болж эдгээрийн зарим хэсгийг бөглөлгүй орхиж байгаа бөгөөд сүүлд нь “Саналын хуудсаа бүхэлд нь хүчингүй болгочихлоо” хэмээн сандарч буй юм. Гэвч ийнхүү сандрах хэрэггүй бөгөөд дээрх дөрвөн хэсгийн аль нэгийг дутуу орхисон бол зөвхөн тухайн тэр хэсгийнх нь санал  л хүчингүй болох аж. Өөрөөр хэлбэл НИТХ-д өрсөлдөж буй аль нэг намыг сонгохоо мартсан ч гэсэн УИХ-д нэр дэвшигчдийн төлөө өгсөн санал тань хүчин төгөлдөр гэсэн үг юм.

Харин хоёр болон гурван мандаттай тойрогт санал өгч буй иргэд эдгээр тооноос дутуу болон илүү нэр дэвшигчдийн өмнөх дугуйг бөглөсөн бол тухайн хэсэг нь хүчингүй болох аж. Энэ талаар Сонгуулийн тухай хуульд “47.1-т Дор дурдсан саналыг хүчингүйд тооцно гээд 47.1.2-т тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө өгсөн санал; 47.1.3.нэгээс илүү нам, эвслийн төлөө өгсөн санал хүчингүй болно” гэсэн байна. 

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж