ЦЕГ-аас зөвлөмж гаргалаа

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

ЦЕГ-аас зөвлөмж гаргалаа

Цагдаагийн байгууллагаас иргэд та бүхэнд Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль 2012 оны 06-р сарын 28-ны өдөр болохтой холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.

УИХ-аас 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр "Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль"-ийг баталсан.

Сонгуулийн үйл ажиллагааны явцад сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад эд хөрөнгийн болон бусад хохирол учирсан бол гэм буруутай этгээдэд Иргэний хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Монгол Улсын Эрүүгийн хууль, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэхээр заажээ.

  • Иргэний сонгох, сонгогдох, бүх нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд болон сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа аливаа ажиллагаанд санаатай саад хийсэн бол Эрүүгийн хуулийн 130 дугаар  зүйлд (Иргэн сонгуулийн эрхээ эдлэхэд болон сонгуулийн хорооны ажилд саад хийх) заасан гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Энэ хэргийг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, хуурч мэхлэх, эд мөнгөөр татах, санал худалдаж авах зэрэг аргаар үйлдсэн бол хүндрүүлэх нөхцлөөр ял оногдуулна.

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, Орон нутгийн Хурлын сонгууль, ард нийтийн санал асуулгад оролцох үед санал хураалтын дүнд хууль бусаар нөлөөлөх, будлиантуулах зорилгоор саналын хуудас ашиглан нэгээс илүү удаа санал өгсөн, эсхүл нэгээс илүү удаа санал өгөхийг санаатайгаар зохион байгуулсан бол Эрүүгийн хуулийн 1301 дүгээр зүйлд (Сонгууль болон ард нийтийн санал асуулгад хууль бусаар илүү санал өгөх) заасан гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
  • Сонгуулийн болон бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулах хорооны дарга, гишүүн, бусад албан тушаалтан сонгуулийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, санал хураалтын дүнг зориуд буруу гаргасан, мөн сонгогчоос санал нууцаар гаргах, саналаа чөлөөтэй илэрхийлэх эрхийг  зөрчсөн, түүнчлэн сонгуулийн  дүнд хууль бусаар нөлөөлсөн бол Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлд (Сонгуулийн болон бүх нийтийн санал хураалтын баримт бичгийг хуурамчаар үйлдэх, санал хураалтын дүнг буруу гаргах) заасан гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
  • Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол Эрүүгийн хуулийн 821 дүгээр зүйлд (Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах) заасан гэмт хэрэгт тооцно. Хэрэв тус хэргийн улмаас хүний амь нас хохирсон, их хэмжээний эд хөрөнгийн болон бусад хор уршиг учирсан бол хүндрүүлэх нөхцлөөр ял оногдуулна гэж заасан байна.


Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн этгээдэд захиргааны шийтгэл ногдуулна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан бөгөөд дараахь үйлдэл, эс үйлдэхүйг хориглож захиргааны хариуцлага хүлээлгэхээр заасан байна.

  • Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах;
  • Сонгуулийн хороодоос сонгууль зохион байгуулах, сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад төрийн албан хаагч, нэр дэвшигч, сонгуульд оролцож байгаа нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч болон бусад этгээд хөндлөнгөөс оролцож саад учруулах;
  • Нэр дэвшигчийг гүтгэх, доромжлох, нэр төрийг нь гутаах, түүний хувийн болон захидал харилцааны нууцыг задруулах;
  • Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэх, хүлээн авалт, дайллага, цайллага зэрэг сонгуулийн сурталчилгаатай холбогдсон олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;
  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах, ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, аман хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах;
  • Нам, эвсэл, нэр дэвшигч болон нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагчаас сонгуулийн сурталчилгааны явцад:
  • Төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулах, сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлалыг барилгын хана, орц, хашаа, гэрлийн шон зэрэг газарт байрлуулах, хууль бус сурталчилгаа явуулах;
  • Оройн 23.00 цагаас дараа өдрийн өглөөний 10.00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах, сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах, шашны зан үйл ашиглах, сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах;
  • Цалин хөлс, тэтгэлэг олгох, сонгогчдын саналыг татах зорилгоор биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, төлбөрт таавар, бооцоот болон мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэж оролцох, сонгогчдын саналыг татах зорилгоор хүлээн авалт, дайллага, цайллага, сонгуулийн бус олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалтын үр дүнг нь хэвлэн нийтлэх, тараах, сурталчлах, төрийн байгууллага, түүнчлэн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг төлбөртэй буюу төлбөргүйгээр сурталчилгааны материал хэвлэх, олшруулах, тээвэрлэх зэрэг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах;
  • Сонгуулийн сурталчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч аливаа хэлбэрээр оролцох, түүнчлэн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч болон насанд хүрээгүй иргэнийг татан оролцуулах, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон амлалтыг нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах, амаар болон өөр хэлбэрээр сонгогчдын дунд түгээн дэлгэрүүлэх, сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах;
  • Санал авах байранд нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч байрлахыг хориглоно;
  • Санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, эсхүл өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох, хуурч мэхлэх;
  • Хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, эсхүл санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;
  • Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баталгаажуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх;
  • Саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээгээ бусдад харуулах үйлдэл хийхийг хориглоно;
  • Аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авахыг ХОРИГЛОНО гэж заасан байна.
ИРГЭН ТА ХУУЛИА ДЭЭДЛЭЖ, САХИН БИЕЛҮҮЛНЭ ҮҮ.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж