”Чингисийн тоонот” хаалга ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

”Чингисийн тоонот” хаалга ашиглалтад орлоо

Хэнтий аймгийн Дадал суманд “Чингисийн тоонот” хаалганы цогцолборын нээлт боллоо.

Дадал сумын нутгийн зөвлөлийн гишүүдийн санаачилгаар “Тэмүүжин тоонот” хөгжлийн төлөө сан ТББ-аас анх удаа зураг төслийг нь боловсруулж, уг барилгын ажлыг “Бодь буян” ХХК-ийн ажилчид чанарын өндөр түвшинд гүйцэтгэж хүлээлгэн өгчээ.

Энэ хаалгыг 24 метр өргөн, 14 метр өндөртэй барьжээ. Хаалганы хоёр баганад их хааны итгэмж болох 4 гэрэгэ байх бөгөөд “Монголын их хаан Чингисийн тоонот нутагт тавтай морилно уу?” хэмээн урьсан байна. Туслах хоёр баганы дээр их хааны хаалгач баатруудын дүрийг хоёр метр өндөртэй байгалийн чулуугаар урлан сүндэрлүүлж хажуу талд нь хаалга бүтээхэд хандив өгсөн хүмүүсийн нэрсийг бичиж мөнхжүүлсэн аж.

Уг хаалгыг байгалийн хар, шар, бор саарал өнгийн боржин чулуу, зэвэрдэггүй мөнгөлөг, алтлаг ган төмрөөр хийсэн байна. Монгол гэрийн хэв шинжийг агуулсан асар өргөө хэлбэртэй оройн хэсэгт Монголын их хаан Чингис дэлхийд суу алдраа мандуулсны бэлгэдэл- дэлхийн бөмбөрцөг, нар сар сүлд ба цагаан шонхор шувууг урлажээ. “Чингисийн тоонот” хаалга бүтээх үйлст нийт 100 сая төгрөгийн хандив цуглаж, өвөг дээдсээ алдаршуулсан хүмүүст батламж гэрэгэ гардууллаа. Энэ цогцолбор нь “Чингисийн тоонот” хаалганы хэсэг, автомашины зогсоолын талбай, зочин угтах үдэх, буудаллах талбай гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.

“Энэ хаалга Дадал сумын нутгийн зөвлөлийн залуус, нутгийн зон олон, сайн санаат ахан дүүсийн дэмжлэг, хөрөнгө оруулалтаар боссон, бүс нутгийн хөгжилд дэвшил гаргасан төдийгүй Хэнтий аймаг, цаашилбал Монгол орны аялал жуулчлалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц бүтээл боллоо. Энэхүү хувийн хөрөнгө оруулалтаар боссон бүтээн байгуулалтын ажил нь цаашид эзэн Чингисийн өлгий нутагт их хаанд зориулан босгох бүтээн байгуулалтын их ажлын уриа дуудлага, эхлэл болж байна” гэж “Тэмүүжин тоонот” хөгжлийн төлөө сан ТББ-ын тэргүүн Б.Гомбогэрэл өгүүлэв.

Саяхан Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Хан Хэнтий нутагт Чингис хааны дурсгалд зориулсан цогцолборын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Ерөнхий сайдаар ахлуулан томилж, эхний удаа 470 сая төгрөгийн хөрөнгийг уг ажлын зураг төслийг зохиоход зориулан баталсан байна.

                                                                                                        И.Байгалмаа    /  Хэнтий  /
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж