Тус хэсгийн хороонд 2893 сонгогч саналаа өгөх бөгөөд хэсгийн хороонд есөн ажилтан ажиллаж, долоон ажиглагч санал өгөх явцыг ажиглаж байна. “Төр төмбөгөр, ёс ембогор шүү дээ. Төрөө хүндэтгэж, иргэнийхээ эрхийг эдлэн, ирээдүйнхээ төлөө өөрөө сонголтоо хийх ёстой” гэж Багануурчууд ярьж байлаа. Тиймдээ ч 15 минутын дотор 50 сонгогч саналаа өгчихөөд байсан юм.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Би Багануур дүүргийн иргэнийхээ хувьд энд ирж саналаа өгч байна. Манай Багануурчууд сонгуульдаа маш идэвхтэй оролцдог. Өглөө эрт ирэхэд залуучууд, ахмадууд, дунд үеийнхэн гээд бүх насныхан байна. Тэгэхээр энэ жилийн сонгуульд иргэд идэвхтэй оролцох нь. Ер нь сонгуульд идэвхтэй байна гэдэг нь эх орныхоо төлөө, өөрийнхөө төлөө санаа зовж, хариуцлагатай хандаж буйг харуулж байгаа болов уу. Бидний хүсч байгаа зүйл бол энэ Монгол орондоо өөрчлөлт хийх юмаа ард түмэн маань хийгээсэй гэж бодож байна. Бидний амьдрал, улс орны ирээдүй энэ өдөр шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Сонгууль шинэ хуулиар явагдаж байгаа нь урьд урьдын сонгуулийг бодвол дэвшилттэй болж байгаа. Гэхдээ санал хураалтыг ажиглахад бидэнд цаашид ч сайжруулах, санаа аваад өөрчлөлт хийх зүйл байна. Сонголтын бол манайхан өөрсдийнхөөрөө хийгээд сурчихсан хүмүүс. Би сая иргэнийхээ хувьд өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшлээрээ саналаа өглөө. Нийт Монголчууддаа хандаж хэлэхэд хайрцагт орж байгаа таны санал бүхэн улс орны маань төдийгүй ирээдүйн үр хүүхдийн хувь заяаг шийдэх чухал үүрэгтэй гэдгийг санаж саналаа өгөөсэй гэж хүсч байна” гэлээ.