УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойргийн тавдугаар хэсгийн хорооны санал тоолох машин хэсэг хугацаанд гацжээ. Үүний улмаас хэсэг хугацаанд санал өгөх байрыг хаасан байна. “Санал тоолох машин хэсэг хугацаанд гацсан. Техникийн мэргэжилтнүүдийг түргэн шуурхай дуудсан болохоор хүмүүсийг нэг их удаагаагүй. Дахин иймэрхүү алдаа гарахгүй гэдэгт итгэлтэй байна” гэж 23 дугаар тойргийн тавдугаар хэсгийн хорооны дарга Н.Ганчимэг ярив. Уг хэсгийн хорооны хувьд санал өгөх байрны хэмжээ, багтаамж бага учир дугаарлах, санал өгөгчид хүлээх явдал их байгааг ажилтнууд хэлж байлаа.
“Санал өгөх гэж хэдэн минут хүлээх ёстой юм бэ. Мэдэхгүй байна. Би бараг 20-иод минут хүлээгээд зогсч байна. Яагаад удаад байгааг мэдэхгүй юм” гэж Сүхбаатар дүүргийн 23 дугаар тойргийн тавдугаар хэсгийн хороонд санал өгөгч Д.Чулуунбаатар ярьсан юм. Тавдугаар хэсгийн хорооны хувьд 11 цагийн байдлаар 465 хүн санал өгсөн үзүүлэлттэй байна. Уг хэсгийн хороонд санал өгөх гэж бүртгүүлсэн 2560 гаруй хүн байдаг ажээ. Санал тоолох машинаар анх удаа сонгуулийг явуулж байгаа учир настайчууд удах тохиолдол ажиглагдаж байгаа аж. Энэ байдлаас болоод 4-5 саналын хуудас хүчингүй болжээ.