Хүн алсан бөөгийн ялыг хэвээр үлдээжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Хүн алсан бөөгийн ялыг хэвээр үлдээжээ

Бөөгийн шүтээн залж байна гээд иргэн Н-ыг халуун усны уураар түлж , амийг нь хөнөөсөн Б.Болд-Эрдэнийн гомдлыг өчигдөр Улсын дээд шүүхийн шүүгчид хянан хэлэлцсэн байна.

Төв аймаг дахь сум дундын шүүхээс түүнд өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд гурван жилийн ял оногдуулсан юм.  Улсын дээд шүүхээс Эрүүгийн хуулийн 94.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гурван жил хорих ялыг хэвээр нь үлдээхээр шийдвэрлэсэн байна.

Хэргийг сануулбал, Б.Болд-Эрдэнэ өнгөрсөн 2011 оны наймдугаар сарын 27-нд Төв аймгийн Сэргэлэн сумын “Далан шар” гэдэг газарт бөөгийн зан үйл хийж байгаад иргэн Н-ыг халуун усны уураар түлж, амийг нь хөнөөжээ.

Тэрбээр хохирогчийг эсгийнд ороож байгаад, халуун усанд хөлийг нь дүрэн суулгаж,  улайссан чулууг ус руу нь хийсээр байжээ. Хохирогч “Амь авраарай” хэмээн аврал эрэхэд бөөгийн шүтээн заларч байна хэмээн төрөл төрөгсдийг нь тайвшруулж байсан гэнэ. 

Эрүүгийн хуулийн 94.1-д “Бусдыг болгоомжгүй алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг аж.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж