Монголын шуудангийн түүхийг өгүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Монголын шуудангийн түүхийг өгүүлнэ

Монголын шуудангийн үйлчилгээний түүхийн тухай “Монгол 1841-1941” номын танилцуулга өчигдөр Японы Элчин сайдын яаманд болов. Уг түүхт номыг Европын Өмнөд Тиролоос гаралтай Италийн иргэн доктор Вольфганг Хэлриглийн бичсэн байна.  Европ гаралтай зохиогчийн бүтээлийг ийнхүү Японы ЭСЯ-нд танилцуулж байгаа нь учир холбогдолтой гэнэ. Учир нь Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Шимизү нь уг бүтээлийг туурвисан В.Хэлриглийн нэгэн адил Азийн орнуудын, нэн ялангуяа Монголын шуудангийн маркийг цуглуулдаг, Монгол дахь шуудангийн үйлчилгээ үүсч хөгжсөн түүхийг судаслсанаараа олон улсын хэмжээнд танигдан хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн ажээ. Нөгөөтэйгүүр, Элчин сайд Т.Шимизү нь уг номыг туурвихад нь зохиогчид үнэтэй тусламж дэмжлэг үзүүлсэн байна.

В.Хэлригл нь өөрийн номондоо 1841 онд Монгол улсад Францын шашин номлогчдын захидал бүртгэгдсэн үеэс эхлээд 1941 онд анхны зурагт маркийн цуврал хэвлэгдсэн үе хүртэлх 100 жилийн түүхийг хамруулжээ. Уг хугацааг Монголын шуудангийн түүхийн “сонгодог үе” хэмээн үздэг учраас ийнхүү туурвисан гэнэ. Зохиогч шуудангийн тэмдэг, тэмдэглэгээнд онцгой анхаарал хандуулж тус бүрээр нь зурагжуулсан бөгөөд өмнө нь бүртгэгдэж байсан тэмдэглэгээнүүдээс гадна бүртгэгдэж байгаагүй, анх удаа олон нийтэд толилуулж буй жинхэнэ бөгөөд хуурамч шуудангийн тэмдэглэгээнүүдийг багтаажээ. Уг ном нь 2011 онд Японы Ёкохама хотноо зохиогдсон дэлхийн марк цуглуулагчдын үзэсгэлэнгийн дээд шагнал болох Их Алтан Медалийг хүртсэн бөгөөд Монголын шуудангийн түүхийг дэлхий нийтэд таниулан сурталчилсанаараа Монголчуудын хувьд нэн өндөр ач холбогдолтой бүтээл хэмээн Японы Элчин сайдын яамнаас онцолж байна.

Шинэ номын нээлтийн арга хэмжээний үеэр номын дээжээс Монгол улсын Төв номын сан, Монголын марк сонирхогчдын холбоо болон “Монгол шуудан” ТӨХК зэрэг байгууллагуудад гардуулсан байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж