“Иргэд саналын хуудас бөглөх мэдээлэл муутай байна”

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

“Иргэд саналын хуудас бөглөх мэдээлэл муутай байна”

Нийслэлийн Банзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгонд Монгол Улсын Их хурлын 2012 оны сонгуулийн 22 дугаар тойргийн 54, 55 дугаар хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны сонгуулийн 10 дугаар тойргийн 54, 55 дугаар хэсгийн хороод ажиллаж байна.

55 дугаар хэсгийн ахлагч, Гачууртын Тамгын газарт нягтлан бодогч Д.Цэцэгмаагаас цөөн асуултад хариулт авлаа.

-55 дугаар хэсэгт нийт хэчнээн иргэн саналаа өгөх вэ?

-Нийт 2235 иргэн саналаа өгнө. Одоогоор байдлаар 412 хүн буюу нийт сонгогчдын 17.6 хувь нь саналаа өгсөн байна. Санал авах ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

-Иргэд саналын хуудас бөглөхөд бэрхшээл гарч байна уу?

-Саналын хуудас бөглөх иргэдийн мэдээлэл тааруу байна. Хүчингүй саналын хуудас нэлээн гарах бололтой байна. Зарим нэг хүмүүс санал өгөх талаар огт ойлголтгүй орж ирж байна. Бүх зүйл шинэ болохоор асуух, лавлах зүйл их гарч байна.

-Сонгогчдын ирцийг хэд хэдэн цагт Сонгуулийн ерөнхий хороонд мэдээлэх вэ?

-Бид 10.45, 15.45, 17.45 цагт гурван удаа сонгогчдын ирцийг мэдээлнэ. Мөн цаг тутамд мэссэжээр мэдээгээ өгч байгаа.

-Хөндлөнгийн хэдэн ажиглагч сонгуулийн байранд ажиллаж байна?

-Манай хэсэг дээр гурван нам, нэг эвсэл, нэг бие даагчийн ажиглагч нар хөндлөнгөөс хяналт тавин ажиллаж байна.

Мөн тус хорооны 54 дугаар хэсгийн ахлагч, Баянзүрх дүүргийн 85 дугаар сургуулийн захирал Ж.Шараатай уулзлаа.

-Сонгогчдын ирц сайн байх шиг харагдаж байна?

-Өглөө 07.00 цагаас иргэд идэвхтэй саналаа өгч байна. Одоогоор санал хураалт хэвийн, тасралтгүй явагдаж байна. Санал хураах байранд сонгогчдын нэрийн жагсаалт дээр тулгалт хийж байгаа, саналын хуудас олгож байгаа хүмүүс байна. Нийт найман кабинд иргэд саналаа өгч байна.

-Санал хураах машины ажиллагаа ямар байна?

-Хэвийн явагдаж байна.

Санал өгсөн сонгогчдын дунд ямар нэгэн зөрчилтэй асуудал үүссэн үү?

-Нэрийн жагсаалтанд бүртгэгдээгүй гэсэн шалтгаанаар нэг сонгогч саналаа өгч чадаагүй. Нэрсийн жагсаалтад нэр нь байхгүй тохиолдолд саналыг нь өгүүлэх ямар ч боломж байхгүй. Энэ сарын 18-наас өмнө сонгогч хэсгийн хороон дээр ирээд өөрийн нэр, хаягийн тулгалтыг хийн шалгасан байх ёстой.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж