Давхар санал өгөх гэж байгаад баригджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Давхар санал өгөх гэж байгаад баригджээ

УИХ, НИТХ-ын сонгууль эхэлсэнтэй холбогдуулан хэд хэдэн зөрчил гарсан байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн иргэн хэсгийн хороондоо санал өгч, мөн Чингэлтэй дүүрэгт давхар санал өгөх гэж байгаад баригджээ.

Уг иргэний бүртгэлийг хоёр газарт хийсэн байсан бөгөөд ийнхүү хоёр газарт санал өгөх гэж байгаад баригдсан байна. Одоогоор энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа юм байна.

Энэ талаар СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс тодруулахад “Нэрсийн жагсаалттай холбоотой асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцна. Хэрэв ийм зүйл гарсан бол хуулийн байгууллага шалгана” гэв.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай бүхээг болон хараа муутай иргэдэд зориулсан томруулдаг шил зэргийг суурилуулахыг СЕХ-ноос хэсгийн хороодод үүрэг болгосон. Гэтэл УИХ-ын сонгуулийн 66-р хэсгийн хорооны ахмад настан гэртээ харааны шилээ мартаж ирсэн байна. Хараа муутай иргэдэд томруулдаг шил байрлуулна гэж байсан ч тус хэсгийн хороонд байрлуулаагүй байжээ.

Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар СЕХ-оос тодруулахад “Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнуудад зориулсан тусгай бүхээг болон томруулдаг шил байрлуулахыг хэсгийн хороодод үүрэг болгосон. Ийм зөрчил гарсан бол тус хэсгийн хороо хариуцах ёстой” гэв.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж