Тус хэсгийн хороонд нэгэн зөрчил үүсээд байгаа аж. Тодруулбал, тус хэсгийн хорооны Ардчилсан намын ажиглагч “Сонгогчдын нэрсийн жагсаалтад Батлан хамгаалах их сургуулийн 408 сонсогчийн нэрс байгаагүй. Өнгөрсөн шөнө гэнэт 408 хүний нэр орж ирсэн нь хууль зөрчсөн үйлдэл. Анги ангиараа жагсаж орж ирж байгаа нь иргэдэд үнэхээр хүндрэл учруулаад байна. Би энэ хэсгийн хороонд сар гаруй ажиллаж байна. Бид нарт огт энэ цэргүүдийн тухай мэдэгдээгүй. Салааны дарга нь санал авах байранд цэргүүддээ хэнд саналаа өгөхөө мэдэж байгаа биз гэж сануулж байгааг бид бичлэг хийн, баталгаажуулсан” хэмээн мэдэгдэж байна.
Харин 22 дугаар тойргийн 43 дугаар хэсгийн хорооны дарга Б.Гэрэлмаа “Санал өгөх явцад ямар нэгэн зөрчил гараагүй. Батлан хамгаалах их сургуулийн 458 сонсогчийн нэрсийн жагсаалт ирсэн. Гэвч хаягийн болон иргэний бүртгэлийн зөрчилтэй гэдэг үндэслэлээр хасагдаад 408 сонсогч болсон байгаа. Энэ 408 сонсогчийн тухай мэдээллийг бид энэ сарын 26-ны 05.21 цагт Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс авсан” гэв.
Иргэний бүртгэл мэдээллийн төвийн ажилтан Б.Гандиймаа “Сонгогчдын нэрсийн жагсаалтад ямар нэгэн зөрчил байхгүй” гэдгийг онцолсон юм.