Баянхошууны сонгогчдын идэвх өндөр байна

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Баянхошууны сонгогчдын идэвх өндөр байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг хүн амын тоогоороо Улаанбаатартаа дээгүүрт ордог. Тус дүүргийн Баянхошууны шинэ эцсийн Х хороо гэхэд 10 мянга гаруй оршин суугчтай. Тус хороог УИХ-ын сонгуулийн гурван хэсгийн хороонд хуваан сонгогчдын саналыг авч байна. УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн 28, 29, 30 дугаар хэсэг, Нийслэлийн ИТХ-ын 28 дугаар тойргийн 28, 29, 30 дугаар хэсгийн хороод тэнд ажиллаж байгаа юм. Тэднээс 28 дугаар хэсэгт л гэхэд 2877 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ.

Өнөө өглөөний 10.30 цагийн байдлаар УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн 28 дугаар хэсэгт 388 хүн саналаа өгөөд байв. Сонгогчдын дараалал хэсгийн хороо байрлаж буй Х хорооны байрны хашааны хаалгаар гадагш гарсан байв. Сонгуулийн үйл явц хэвийн, ямар нэг ноцтой зөрчил гараагүй, автомат машины үйл ажиллагаа хэвийн, гадаа хаалганы дэргэд доторх үйл ажиллагааг видеогоор харуулж байлаа. Харин хурууны хээг нь таньж уншсан атлаа нэр нь сонгогчдын нэрсийн жагсаалтад байхгүй байгааг нэг иргэн хэлж хэсгийн хороондоо хандаад байсан юм.

Зэргэлдээх 30 дугаар хэсгийн хороонд 10.30 цагийн байдлаар 200 гаруй хүн саналаа өгчээ. Сонгогчдын дараалал 28 дугаар хэсэгтэй харьцуулахад арай бага байлаа. Ингэж УИХ-ыг сонгох зургаа дахь удаагийн сонгуульд Баянхошууны иргэдийн идэвх өндөр оролцож байна.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж