
Дурсах нь
Сургуулийн хүүхдүүдийн зуны амралт эхэлж, хөдөө өвөө, эмээ дээрээ очсон цагаар “сонгууль” гэж нэг гоё зүйл болдог байлаа. Томчуул өглөө эртлэн босч авдраа уудлаад, алчууранд боосон шинэ торгон дээл гарган өмсч, тарган морьдынхоо дэлийг засч, эмээлийнхээ сайныг шилж тохоод айл, хотоороо дөрөө харшуулан сумын төв рүү “сонгуульдаа” явж одох нь атаархал төрүүлнэ. Сонгуулийн өдөр эмээ, эгч нар өдөр, оройнхоо саамыг цуцалж, хонь хурга, үхэр тугалаа ихлээр нь явуулах тул зайдан морьтой, хонь хурга, үхэр тугал нийлэх вий гэж сэтгэл зовох зүйлгүй тайван үлдсэн багачуулын хувьд ихээ сайхан өдөр байдаг байв. Өглөөний саамны дараа ихлээрээ гарсан хонь үхрээ алсханаас харчихаад л саахалтын хүүхдүүдтэй морь уралдуулж, чулуу өрж тоглосон шиг өдрийг тааваараа өнгөрөөнө. Орой нар жаргахын үест томчуул дуу шуутайхан ирж, сумын дэлгүүрт тэр бүр байдаггүй, явуулын худалдаанаас авсан үзэм, чихэр, сумын гуанзны хуушуурын тосны үнэр хамар цоргиулан авч ирэх нь эгээ л Улсын наадамд яваад ирсэн юм шиг. Яриа хөөрөө, ааш зан ч гэж сайхан. “Миний хүүхдүүд гэрээ сайн харж байв уу, хонь малаа нийлүүлээгүй биз” хэмээн бидний толгойг илэнгээ хоорондоо өдрийн турш дуулсан сонингоо үргэлжлүүлэн ярилцана.
“Дорж гуайн бага охин энэ жил хадамд гарах гэнэ ээ, зэргэлдээ сумын даргынх бэр буулгах гэж байгаа юм байх. Ханд гуайн хүү энэ жил цэргээс халагдаад ээжийгээ ирж авна гэсэн гэнэ. Ханд гуайн бие овоо тэнхлүүн, хөл нь хөнгөрчихсөн явна лээ” гэхчилэн билэгтэй сайхан үгээр ярилцана. Ер нь хөдөөд цагаан сар, сонгууль, улсын баяр гурав л хамгийн том баяр байв. Ямар хотынхон шиг шинэ жил, мартын 8, хүүхдийн баяр тэмдэглэх биш. Тиймээс сонгууль бол тэр үеийн хүмүүсийн хувьд нэгэн томоохон баяр байлаа. Гэхдээ сонгууль гэж нэрлэдэг мөртлөө үнэндээ бол тэдэнд сонголтоо хийх эрх нь байгаагүй юм. Нэг зуныхаа амралтаа хотод өнгөрүүлсэн би аав, ээжийг даган нөгөө хүүхдүүд бидэнд олддоггүй “сонгууль” руу явж очдог юм. Тэгэхэд манай сургуулийн үүдэнд улаан даавуугаар томоо тууз хадаж “АИХ-ын сонгуулийн … дүгээр тойрогт нэр дэвшигч …-ний төлөө саналаа өгцгөөе” хэмээн том цагаан үсгээр уриа бичээд нэгэн танихгүй хүний зураг хадсан байж билээ. Аав, ээж хоёр тэр хүнийг л сонгох үүрэгтэй, өөр сонголт үгүй.
Тэгээд ерэн он гарч бидний сонгуулийн нас ирсний дараа сонгууль гэдэг баяр наадам биш, жинхэнэ “гамшиг” болсон доо. Сонгууль болохоос сар гаруйн өмнөөс л цагаан хоолой барьсан нөхдүүд манай гудамж талбайгаар хэрж, чанга чанга ярин, орой зурагтаа асаахаар дахиад л баахан танихгүй хүмүүс, нам, нэр дэвшигч хэмээн ярьж, хоорондоо маргана. Хэн нь үнэн, хэн нь худал яриад, хэн сайн, хэн нь муу болоод байгааг бүү мэд. Тэгээд сонгуулийн дүн гарсны дараа бас л зөв буруу, ялсан ялаагүй хэмээн маргадаг юм. Үүнийг нь улс төр гэж нэрлэдэг. Ер нь тэгээд хүүхэд байхад баярын өдөр мэт байсан сонгууль насанд хүрсэний дараа “ял” мэт болж хувирсан. Тойрог дээрээ нэр дэвшиж байгаа өөрийн дэмжсэн хүнийхээ төлөө аав, ээж, ах дүүтэйгээ ам зөрөх энэ тэр бол юу ч биш. Бүр ах дүүгээрээ нам, улс төр ярин талцаж, улс төрийн том том хэрэг шүүцгээнэ гээч. Гэхдээ л энэ нь бидэнд дарга нарын өгсөн ганцхан хүний нэрийг дугуйлаад гарч явах биш, өөрийнхөө ирээдүйн төлөө өөрсдөө сонголтоо хийх эрхийг өгсөн билээ. Тиймээс ч бид сонгууль бүрийн дараа хэн нэг нь гомдолтой үлддэг ч гэлээ дөрвөн жилийн дараах сонгуулийн өглөө дахин сонгуулиа өгөхөөр догдолсон сэтгэлтэйгээр гэрээсээ гардаг.