Нанотехнологиор хүний эд, эрхтнийг төлжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Нанотехнологиор хүний эд, эрхтнийг төлжүүлнэ

Сүүлийн жилүүдэд өндөр технологийн
дэвшлийг ашиглан амьдралд бодитоор хэрэгжүүлэн, илүү  хөгжүүлэхийг улс
орон бүр чухалчлах болсон.  Өчигдөр телевиз харж суутал “ид шидтэй”
шилний үйлдвэрлэл энэ оны сүүлчээр эхлэх тухай мэдээлж байна. Нано
технологийн аргаар боловсруулж буй энэхүү шил нь машинаар мөргөхөд ч
хагарч бутрахгүй гэнэ. Технологи энэ мэт цоо шинэ боломжуудыг хүн
төрөлхтөнд өгч байна. Тэгвэл нанотехнологи гэж чухам юу болохыг энгийн
байдлаар “Шинжлэх ухаан, Технологи” сэтгүүлд тайлбарлахдаа “Аливаа
материаллаг биетийг атом молекулын түвшинд удирдан зохицуулах арга
технологийг "Нанотех-нологи" хэмээн нэрлэдэг. Өөрөөр хэлбэл атомыг
өөрөөр нь ургуулж төлжүүлэх /үйлдвэрлэх гэж нэрлэж болно/ арга юм.
Үүнийг бас атом доторхи урвал гэж илэрхийлж ч болох аж.

Нанотехнологи нь урт, өргөн, өндөр гэсэн
гурван хэмжээстэй. Нэг  нанометр (нм) гэдэг нь нэг метрийг тэрбум
хуваасны нэг буюу эсвэл хүний үсийг 100 000 дахин хуваасантай тэнцэнэ”
гэжээ. Эдүгээ хүн төрөлхтөн микротехнологиос нанотехнологид шилжиж буйг
эрдэмтэд хэлдэг. Өөрөөр хэлбэл технологийн асар хурдтай хувьсгал явж
байна. Нанотехнологийг  анагаах ухаан, электроник, биотехнологи, эрчим
хүч, үйлдвэрлэл гэх мэт олон салбарт дэвшил авчрах боломжтой аж.
Өнгөрсөн оны байдлаар дэлхийн нийтэд 16 мянган компани нанотехнологийн
аргаар ямар нэгэн үйлдвэрлэл эрхэлж байгаа гэсэн судалгааг эрдэмтэд
гаргажээ.  

Нанотехнологийн үйлдвэрлэлээр АНУ болон
Европын холбоо дэлхийд толгой цохидог ажээ. Гэвч 2015 он гэхэд манай
хоёр хөршийг нанотехнологийн дэлхийн зах зээлийг  тэргүүлнэ гэсэн
таамаглалыг эрдэмтэд гаргаад буй. Ялангуяа энэ нь аж үйлдвэрлэлийн
салбарт хувьсгал хийх боломжтой юм байна.  20 жилийн дараа гэхэд аж
үйлдвэрийн өнөөгийн бааз суурийг үндсээр нь өөрчлөх шаардлага тулгарна
хэмээн шинжээчид үзжээ. Өөрөөр хэлбэл орчин үеийн үйлдвэрлэлийн техник
технологи, материал, маркетинг бүгд ээлж халаагаа өгөх болно.
Үйлдвэрлэлийн хувьсгалиа дагаад нийгмийн сэтгэлгээ, соёл гэхчлэн бүх
зүйл өөрчлөгдөнө. Түүнчлэн нанотехнологийг анагаах ухааны салбарт түлхүү
ашигладаг байна. АНУ-д эдүгээ хүний элэг бөөр гэх мэтийн эрхтнүүдийг
төлжүүлэх туршилтыг нанотехнологид тулгуурлан  хийж эхлээд байгаа аж.
Туршилт амжилттай болбол нанотехнологийн аргаар төлжүүлсэн эд, эрхтнийг
хүнд шилжүүлэн суулгаж эхлэх гэнэ.  Түүнчлэн хүнсний нэмэлт болон эрүүл
ахуй гоо сайхны бүтээгдэхүүнийг нанотехнологийн аргаар бүрэн
боловсруулах боломжтой болсон байна. Мөн нанотехнологийн тусламжтайгаар
тос нэвчдэггүй шарсан төмс, халуунд хайлдаггүй шокалад, хайлах
температурыг нь тохируулсан зайрмаг зэрэг "нано-хүнс" гаргаж аваад
байгаа ажээ.

Б.Ууганбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж