Парис дахь Парисын бохирын шугамын музей
Францын бохирын шугам нь хүртэл дэгжин гэдэгт итгээрэй. Луврын
босгоор бүтэн зууны турш холхисон жуулчдын цуваа өдгөө нийслэлийнх нь
газар доорх үзэсгэлэнт ертөнцтэй танилцахыг илүүд үздэг болжээ. XIII
зууны усны хоолойн шугамаас Наполеоны үеийн бохирын шугам хүртэлх бүхий л
сонирхолтой шугамыг эндээс үзэж болно. Хөтчид Парисын усны шугамын
түүхэн замналыг тайлбарлах бөгөөд хүсвэл завиар зугаалж ч болох гэнэ.
Берлин дэх Зайдасны музей
Зайдсанд
хамгийн дуртай ард түмэн бол германчууд. Тиймдээ ч тэд зайдсандаа
зориулан музей байгуулахад хүрсэн биз. Та 11 евро төлөөд л түргэн хоолны
газар болон зайдасны талаар олон арван сонирхолтой зүйлсийг Берлин дэх
музейгээс үзэж боломжтой. Зөвхөн үзээд зогсохгүй тосонд шарж буй зайдас
хэрхэн дугардгийг, зайдсанд хийдэг чамин амтлагчны содон үнэрийг ч
үнэртэх боломжийг уг музей танд олгоно. Сонирхолтой нь уг Зайдасны музей
Хүйтэн дайны тухай хөшөөний хажууханд байрладаг бөгөөд тус улсад
зайдасны зохион бүтээгчийн эрхийн төлөөх “дайн” Берлин болон Гамбург
хотын дунд өдгөө ч өрнөсөөр байгаа юм.
Кентийн Нохойны хүзүүвчний музей
VIII Хэнригийн дурсгалд зориулсан Лидс шилтгээнийг 5000 акр газрын
хамт нохойн хүзүүвчний музей болгон үзэгчдэд нээлттэй болгожээ. Энд
түүхэн үйл явдалтай холбоотой болон хамгийн үзэмжтэй хүзүүвчнүүдийг
үзвэр болгон тавьсан байдаг. Таван зууны турш эдэлж хэрэглэсэн ховор
хүзүүвчнээс эхлээд анч нохойд хэрэглэдэг бат бөх хүзүүвч, шинэ зууны хэв
маягийг илэрхийлэх шигтгээгээр чимэглэсэн дэгжин хүзүүвч хүртэл бий.
Анхны үзвэрийг Гертруд Хант нөхрийнхөө дурсгалд зориулан бэлэглэснээс
хойш өдгөө тус музейд 100 гаруй хүзүүвч цуглараад буй.
Амстердам дахь Эрүүдэн шүүлтийн музей
Алтан зул цэцэг, эрүүдэн шүүлт тулгах гээд л Амстердам өөр юугаараа
бидэнд танил билээ? Голландын нийслэлд Урлагийн музей, үзэсгэлэнт
сувгууд, түүхэн барилга, каннабисийн кафе төдийгүй зартай Улаан дэнлүүт
гудамж гээд үзэж сонирхох зүйл олон. Тэдний дунд Эрүүдэн шүүлтийн музей ч
багтана. Нуруу хүйт даам орчинтой харанхуй өрөөнүүдтэй музейг хүн
төрөлхтний эрүүдэн шүүлтийн талаарх түүхийг баримтжуулах гэсэндээ
байгуулсан байдаг. Тоос даасан цаазын тавцан, сунадаг ширээ, хуруу
эргэдэн тамладаг төхөөрөмж, хадаастай сандал гээд л XXI зууны Европт
байж болшгүй зүйлсийг эндээс л харах боломжтой. Зарим төхөөрөмжийг
хэрхэн ашигладаг байсан тухай зургийг ч өлгөсөн нь бий.
Токио дахь Шимэгч хорхойн музей
Шимэгчхорхойн талаар та хэр сайн мэдэх вэ? Токио дахь Шимэгч хорхойн
музейд зочилсноор энэ амьтны талаарх төсөөлөл тань бүхэлдээ өөрчлөгдөх
вий. Хамгийн хамгийн хэмээгддэг шимэгчдийн үзмэр энд байдаг бөгөөд
музейн ажилтнууд 300 гаруй төрлийн шимэгчийг үзэгчдэд танилцуулдаг
гэдгээрээ бахархдаг юм билээ. Тус музейн танхимд 9 метр урт туузан
хорхой ч бий. Хэрэв танд урт туузан хорхой хоолоо сойх хүсэл төрүүлэхгүй
байвал дөрвөн ч эрдэмтний судалгааны талаарх зураг эрхгүй нэгийг
бодогдуулах биз. Тэд шимэгчид эзнийгээ хэрхэн зовоосныг баримтжуулсан
байдаг аж. Эцэст нь уг музейг үзэхэд үнэ төлбөргүй гэдгийг сануулъя.
Музей удирдлагууд бэлэг дурсгалын зүйлийн худалдаа болон зураг авах
хүсэлтэй үзэгчдээс авах хураамж зэргээс орлого олдог байна….
Үргэжлэлийг Үндэстний Тойм сэтгүүлээс
О.Ундармаа
Эх сурвалж: "Үндэстний тойм" сэтгүүл