“Евро-2012”-ын хагас шигшээд учраа таарсан Португаль болон Испанийн шигшээ багийн тоглолт Украйны Донецк хотноо болж, испаничуудын ялалтаар өндөрлөлөө. Торгуулийн цохилтоор ялагчийг тодруулсан тус тоглолтод “Ялагдашгүй Армада” 4:2 харьцаатай хожсоноор гурван том тэмцээнд дараалан финалд шалгарсан түүхэн дэх ердөө хоёр дахь баг болов. 2008 оны тивийн аварга, 2010 оны дэлхийн аварга ийнхүү Германы шигшээ багийн түүхийг давтаж байгаа юм. Гэхдээ финалын шатанд учраагаа буулган авбал шинэ түүхийн эзэд болох учиртай.
“Европын бразили” гэгдэх Португаль болон сүүлийн зургаан жил босоо байгаа Испанийн шигшээ багийн тоглолтын үндсэн цаг болоод нэмэлт цаг хуурай тэнцээгээр өндөрлөсөн тул торгуулийн цохилтоор тоглолтын хувь заяаг шийдэх болсон. Нэмэлт цагт Андрес Иньеста, Хесус Навас нарын довтолгоог аюулгүй болгож чадсан Португалийн хаалгач Руи Патрисиу өрсөлдөгч багийнхаа эхний дайралт болох Алонсогийн цохилтыг амжилттай хаасан. Испанийн шигшээ баг болоод “Реал Мадрид”-ын хаалгач Икер Касильяс ч мөн хариуг нь барьж, Португалийн эхний цохилтыг гүйцэтгэсэн Хуан Мотиньюгийн цохилтыг аюулгүй болгосон юм. Ингээд Испанийн багаас Иньеста, Пике, Рамос нар даалгавраа биелүүлж, цохилтоо амжилттай болгосон бол Португалийн багаас Пепе, Нани нар гоолдож, Алвес алдсан. Улмаар Испанийн шигшээ багийн хагас хамгаалагч Сеск Фабрегас шийдвэрлэх цохилтыг амжилттай гүйцэтгэснээр “Ялагдашгүй Армада” аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм.
Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч, Португалийн багийн гол найдвар болсон Криштиан Рональду харин багийнхаа хамгийн сүүлийн цохилтыг гүйцэтгэхээр хүлээж байсан ч түүнд боломж олдсонгүй. Рональдуг шийдвэрлэх мөчид зөвхөн “ажиглагчийн” үүрэг гүйцэтгэхэд хүргэсэн Португалийн тактик буруу тийш эргэсэн нь энэ байлаа.