Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Сонгуулийн өдөр

Өнөөдөр сонгуулийн өдөр. Дараагийн дөрвөн жилд ямар төр, засагтай байхаа шийдэх хамгийн хариуцлагатай өдөр. УИХ-ын  сонгуулийн  1905 хэсэгт нийт  нэг сая 838 мянга 849 сонгогч саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлжээ. Тэдний өгсөн саналын дүнгээр шинэ УИХ, Засгийн газар бүрдэнэ. Улаанбаатарын сонгогчдын саналаар нийслэлийн ИТХ-ыг байгуулна.

Энэ өдөр Монгол Улсын хэмжээнд сонгуулийн 26 тойргийн хороо, 333 салбар хороо, 1908 хэсгийн хороонд 15 мянга гаруй хүн ажиллаж сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах гэж байна. Тодруулж хэлбэл тойргийн хороодод 278, салбар хороодод 2149, хэсгийн хороодод 13122, нийт 15549 төрийн албан хаагч сонгогчдын саналыг авах нэн хариуцлагатай ажлыг гүйцэтгэхээр ажиллаж байна. Энэ жил сонгуулийг анх удаа автомат машинаар явуулж буй. Тиймээс мэдээллийн технологийн 26 багт 130 хүн, хэсгийн хорооны даамлаар 2625 хүн ажиллах юм.

Зөвхөн автомат машин ч биш, энэ удаагийн сонгууль урьд өмнөхөөс олон зүйлээр ялгаатай. Юуны өмнө УИХ-ын сонгуультай зэрэгцээд нийслэлд хотын парламент болох ИТХ-ыг сонгох сонгууль зэрэгцэж нэг саналын хуудсаар санал авч байна. Өмнө нь сонгуулийг өглөөний 07.00 цагаас үдшийн 22.00 цаг хүртэл явуулдаг байсныг энэ удаа өглөө 07.00 цагас оройн 20.00 цаг болгон санал хураалтыг хаах  хугацааг наашлуулсан. Тиймдээ ч ажлын өдрийг амралтын өдөр болгон өөрчилсөн юм. Үүнийг сонгогчид сайн санаж саналаа алгуурлалгүй өгөөрэй. Оройн 20.00 цагаас хойш очиж хэсгийн хорооны хаалгыг хэчнээн нүдлээ ч автомат машинуудыг сүлжээнээс салгасан байх болно.

Сонгуулийн үнэмлэхийг энэ удаа олгоогүй тул зөвхөн иргэний үнэмлэхээ аваад хэсгийн хороогоо зориход хангалттай. Энэ сонгуулийн нэг онцлог нь мажоритар, пропорциональ систем хосолсон хувилбараар явуулж буй. Тиймээс нэр дэвшигчдийн төдийгүй нам, эвслээс сонголт хийн нэрийн өмнөх дугуй дүрсийг будахаар болсон. Урьдынх шиг дугуйлж зураад орхичихвол автомат машин таньж уншихгүй нь байна шүү.

Сонгогчийг санал тэмдэглэх бүхээгт ороход аяндаа заавар нь бэлэн байх юм билээ. Тэр зааврын дагуу саналын хуудсаа тэмдэглэхэд сонгогчийн төрийн өмнө, улс орныхоо өмнө хүлээсэн том үүрэг биеллээ гэсэн үг. Дараагийн дөрвөн жилд төр шиг төртэй байхыг сонгогчид л мэднэ. Сонголтоо зөв хийвэл дараагийн дөрвөн жилд төрөө харааж, хувь заяандаа гутарч, өөрийн гараар сонгосон хэдийгээ “мангар, тэнэг”-ээр нь дуудах шаардлагагүй болно. Дөрвөн жилд ганц тохиох сонгуулийн өдөр болж байна. Сонголт мэргэн байх болтугай.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж