“Жизель” балет энэ жилийн хувьд Монголын сонгодог урлагт олон түүх бүтээж байна. Учир нь өнгөрсөн нэгдүгээр сард “Жизель” балетын гол дүрд АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, Английн хатан хааны “Роял опера” театрын гоцлол бүжигчин, балетын “хатан хаан” Тамара Рохо, “Бостон балет”-ын гоцлооч, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг нар бүжиж, симфони найрал хөгжмийг АНУ-ын Нью Енгланд хөгжмийн сургуулийн ахлах зөвлөх, АНУ-ын Эль Система байгууллагын захирал, удирдаач Марк Черчиль удирдан тоглуулсан юм. Харин энэ удаагийн “Жизель”-ийг Стэнфордын мастер удирдаж байгаа нь Монголын “Жизель”-ийн үнэ цэнэтэйг илтгэх биз ээ. Маэстро Жин Дун Цай ирэх бямба гаригт буюу зургадугаар сарын 30-нд ДБЭТ-ын тайзнаа симфони найрал хөгжмийн томоохон тоглолтыг толилуулах юм. Тэрбээр Монголд анх удаа АНУ-ын уламжлалт хөгжим, Холливудын киноны алдартай аялгуунууд болон Бродвей театрт тоглогддог мюзиклийн зарим нэг хөгжмийг эгшиглүүлэн, үзэгчдийн сонорыг мялаах нь ээ. Тоглолтод ДБЭТ-ын симфони найрал хөгжим болон “Морин хуурын чуулга”-ын уран бүтээлчид оролцох юм.
-Монголд тав дахь удаагаа ирж байгаа гэсэн шүү дээ. Таныг юу ингэтлээ Монгол руу татаад байна аа?
-Би анх Монголд 2010 онд “Сэрсэн тал” наадмыг зорин ирж байсан. Пан Азийн наадамдаа орлцуулах хөгжимчих хайж явсан нь тэр. Түүнээс хойш хэд хэдэн удаа ирж, УДБЭТ-тай уран бүтээлээрээ холбогдсон. Нэгдүгээрт намайг Монгол руу татдаг хүч бол энэ театр. Хоёрдугаарт найз нөхөд маань. Монголын хамгийн сонирхолтой амьдрал бол энэ бол Хятад бас Орос биш. Тийм ч их хүн амгүй. Гэхдээ бүх давхаргын хүмүүс нь ажил, мэргэжил, албан тушаал харгалзахгүй өөр хоорондоо найзууд, бие биенээ сайн таньдаг учраас надад энэ нь маш гоё санагддаг. Гуравдугаарт би төгөлдөр хуур, хийл тоглодог хөгжмийн мэргэжилтэй хүн. Танай хөгжим намайг татдаг. Би театртай ажиллахдаа л аз жаргалтай байдаг. Тэр тусмаа би танай театрт ирээд уран бүтээлчдэд жаахан зүйл заадаг ч гэсэн тэднээс маш их зүйлийг сурч авдаг. Театр бол өөрөө “соронз”.
-Энэ удаагийн тоглолтод УДБЭТ-ын симфони найрал хөгжимтэй хамтран дэлхийн киноны хөгжмийг эгшиглүүлэхээс гадна морин хуурын чуулгатай хамтран ажиллана гэсэн шүү дээ? Монгол хөгжмийг эшиглүүлнэ гэхээр ямар санагдаж байна?
-Би хөгжим судлаачийн хувьд Монголын морин хуурын чуулгыг их сонирхолтой байгууллага гэж үздэг. Морин хуур танай үндэсний хөгжим ч гэсэн ерөнхийдөө оршин тогтнол нь бол “соло” хөгжим шүү дээ. Би өмнө нь Монголд ирээд морин хуурыг нэлээдгүй сонсож байсан. Морин хуураар симфони оркестр тоглоно гэдэг бол яах аргагүй хөгжмийн шинэ урсгал гаргаж ирж байгаа зүйл гэж боддог. Би энэ талаар олон улсын хэвлэл мэдээлэлд бичнэ гэж бодож байгаа. Би анх удаа “Морин хуурын чуулга”-ыг удирдан тоглуулах гэж байна.
-Танд Монголын хөгжмийн зохиолчдоос хэнийг сонсох дуртай вэ?
-Б.Шаравын бүтээлүүд маш их таалагддаг. Түүний бүтээлүүд төрөлхийн хүнийг бишрүүлэм сайхан аялгуутай байдаг. Тиймээс ч би ДБЭТ-ын оркестор болон “Морин хуурын чуулга”-тай хамтран Б.Шаравын киноны хөгжим болох “Үхэж үл болно”, “Алтан өргөө” зэрэг бүтээлийг удирдахаар бэлтгэж байна. Б.Шарав бол биширмээр сайхан бүтээлүүдийн эзэн. Би түүнийг маш их хүндэлж байна.
-“Морин хуурын чуулга”-ыг удирдаж, Монгол хөгжим дохих гэж байгаа юм чинь манай үндэсний дээлийг өмсөх үү?
-Эхний удаа болохоор арай ч өмсөж чадахгүй байх аа. Харин дараагийн удаа бодож үзнэ ээ /инээв/.
-Та монгол кино үзэж байсан уу?
-Үгүй. Үзэж амжаагүй. Гэхдээ би тэр хоёр хөгжмийг удирдахаараа монгол кино гэж ийм л байдаг гэдгийг мэдрэх ёстой. Яагаад гэвэл киноны хөгжим бол тухайн бүтээлийн зүрх нь байдаг шүү дээ.
-Мөн та тэр үдэш дэлхийд алдартай бүтээлээс сонгож авсан байгаа. Тэр талаар дэлгэрүүлж болох уу?
-ДБЭТ-ын симфони найрал хөгжимтэй хамтран Америкийн алдартай киноны хөгжмүүд болон Америкийн уламжлалт хөгжмийн бүтээлээс сонирхуулна. Товчхондоо бол тоглолтод оруулах бүтээлийн сонголтоо маш сайн хийсэн гэж бодож байна. Нэмж хэлэхэд, танай хөгжимчид үнэхээр авьяаслаг хүмүүс шүү.
-Та энэ тоглолтоо өмнө нь хийж байсан уу?
-Тийм ээ, олон удаа удирдан тоглуулж байсан. Америкт “Boston”, “Cincinnati” гээд хоёр том поп оркестр байдаг. Би хоёулантай нь ажиллаж байсан. “Boston” поп оркестр илүү уламжлалаа барьж ажилладаг бол “Cincinnati” поп оркестр орчин үеийн модерн урсгалаар кино тал руугаа түлхүү уран бүтээл хийдэг. Тэгэхээр хоёр өөр театрт ажиллаж байсан болохоор энэ тал дээр багагүй туршлага хуримтлуулсан гэж бодож байна. Миний хөтөлбөрт “Оддын дайн”, “Театрын сүнс”, “Муурнууд” гээд өнгөлөг, тод хөгжмүүд багтсан байгаа.
-Монголын уран бүтээлчидтэй хамтран ажиллахад ямар байдаг вэ?
-Америк хөгжмийн зохиолуудыг багагүй бэлтгэл хийж байж сая тоглож сурдаг. Монгол, Америк хоёр улсын хөгжмийн нотны тэмдэглэгээ өөр. Тиймээс би ДБЭТ-т нотоо түрүүлээд илгээчихсэн байсан. Одоо үүн дээрээ бэлтгэлээ хамтран хийнэ. Гэхдээ би театрын уран бүтээлчдийг цаашдаа өөрсдөө тоглоосой гэж хүсэж байгаа учраас энэ бүх нотоо ДБЭТ-т бэлэглэж байгаа. Нэг ёсондоо театрын уран бүтээлчдэд үүгээрээ дамжуулан Америкийн хөгжмийн соёлоос зааж байгаа учраас мастерын хичээл болж байгаа гэсэн үг юм. Би бас тэднээс Монголын хөгжмийн тэмдэглэгээний талаар харилцан суралцдаг.
-Өөр хэл, өөр соёл, заншилтай болохоор хөгжимчидтэй хэрхэн ойлголцдог вэ? Орчуулагчтай ажилладаг уу?
-ДБЭТ-ын оркестрт маш сайн англи хэлтэй хөгжимчин эмэгтэй байдаг. Гэхдээ ихэвчлэн би өөрөө аялгууг нь дуулаад өгчихдөг. Ямар нэгэн орчуулагчаар дамжуулж хүнд хүргэснээс өөрийнхөө бие, дуу хоолойгоор хөгжимчдөд үзүүлчих нь илүү ойлгомжтой байдаг. Уучлаарай, гэхдээ энэ миний буруу л даа. Би монгол хэл сурах ёстой байсан. Ер нь надад морин хуур байна уу, хийл хөгжим байна уу тэр бол сонин биш шүү дээ. Хамгийн гол нь би хөгжмийн удирдаач хүн учраас энэ бүх гоё дуугаралтуудыг нэг хэлбэрт л оруулах нь л илүү чухал шүү дээ.
-Америкт нэр алдрын оргилд хүрсэн Азийн алдартай маэстро олон байдаг. Та анх яаж дэлхийн хөгжмийн ертөнцөд хөл тавьсан бэ. Стэнфордод хүрэх хүртэл амаргүй давааг туулсан байх?
-Тэгэлгүй яахав. Тийм ч амар байгаагүй ч би их азтай байсан. Гэхдээ энэ бүхнийг ярьвал маш урт түүх болно. Магадгүй дараа цаг гарвал бүх амьдралаа ярьж өгч болно. Би Хятадын Бээжинд төрж өссөн, Хятад гаралтай хүн юм. 25 жил Америкт амьдарч байна. Хамгийн чухал зүйл бол “Чи алхам бүртээ юуны төлөө явж байгаагаа тодорхойлж чаддаг байх хэрэгтэй”. Тэгвэл чиний амьдрал уран бүтээл илүү ойлгомжтой болно. Өөрийгөө алхам тутамдаа сайн бэлдсэн хүн л өндөрт нисдэг шүү дээ.
-Монголын сонгодог урлаг сүүлийн үед дэлхийд үнэлэгдэж байгаа. Үүнийг гаднаас нь харж буй та хэрхэн дүгнэж байна?
-Одоо бол дэлхийн хөгжлийн чиг хандлагад Ази тивийнхэн тэргүүлж байгаа. Эдийн засаг босоод ирэхээр соёл урлагаа чирдэг нь амьдралын хууль юм. Хаана эдийн засаг өсч байна, тэр орон руу дэлхий өөрөө тонгойж хардаг. Харин тийм үед нь өөрсдийн соёлоо дэлхийд түгээх нь улс орнуудын хамгийн чухал үүрэг байдаг. Үүнийг л хийх ёстой гэж бодож байна. Би Монголын сонгодог урлагийг хайрладаг. Та бүхний дунд маш авьяаслаг хүмүүс олон бий.
-“Пан Азийн хөгжмийн фестиваль”-ийн ерөнхий зохион байгуулагчийн хувьд энэ наадамдаа хэдэн орны уран бүтээлчийг урьж оролцуулдаг вэ?
-Жил болгон зохиодог учраас ерөнхийдөө урлагийн нэг төрлийг сонгож зохион байгуулдаг. Жишээлбэл: Дан Азийн бөмбөрчдийг оролцуулах ч байдаг юм уу.
-Тэгвэл ирэх жилийн наадмаа хэрхэн төлөвлөсөн бэ?
-Ирэх жил Азид нэрд гарч байгаа шилдэг уран бүтээлчид буюу дан мастеруудыг цуглуулна. Наадам маань жил бүрийн хоёрдугаар сард 7-14 хоногийн турш үргэлжилдэг. Би Европ школтой хүн шүү дээ. Тийм болохоор ардын хөгжмийг тийм ч сайн мэддэг хөгжимчин биш байх. Гэхдээ би Ази гаралтай хүн учраас Америкт Ази тодотголтой бүх орны хөгжмийн ойлголтыг өгөх нь үүрэг гэж боддог. Миний өнөөдөр Стэнфордын хөгжмийн тэнхмийн эрхлэгч байгаа, “Пан Азийн фестиваль” хийж байгаа зэрэг боломжууд бол Азийн соёлыг Америк тивд түгээхэд зориулагдаж байгаа юм.
-Энэ наадамдаа Монголын уран бүтээлчдээс хэнийг оролцуулах бол?
-Би зөвхөн мастеруудыг л сонгоно. Гэхдээ хэн гэдэг нь одоо тодорхойгүй байна. Ирэх оны нэгдүгээр сард манай Сэнфордын театр баригдаж дуусах гэж байгаа. Тэндээ Монголоос хүн авах бол зөвхөн сонгодог урлагийнхнаас авна. “Bing Concert Hall” гэдэг нэртэй театртай болох гэж байгаа юм. Энэ театр маань 120 сая ам.долларын өртгөөр босч байгаа. Bing гэдэг хүн энэ мөнгөний талыг төлж байгаа учраас түүний нэрээр театраа нэрлэж байгаа юм. Үлдсэн мөнгийг нь Стенфордын их сургууль гаргаж байгаа ч бид хандив өгсөн хүнийхээ нэрээр нэрлэдэг жаягтай.
-Энэ хоёр тоглолтын дараа таньд Монголд хийхээр төлөвлөсөн өөр ажил байгаа юу?
-Энэ жил Монголын нэр акедемич Б.Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ой болж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Би энэ ойд зориулан хүндэтгэл үзүүлэх классик тоглолтыг ирэх долдугаар сарын 4-нд удирдан тоглуулах урилга хүлээж авсан. Тэгэхээр тэр тоглолтоо удирдана. Тоглолтод ДБЭТ-ын дуучид болох Б.Эрдэнэтуяа, Ө.Уянга, Б.Гомбо-Очир, Ч.Энхтайван нарын дөрвөн уран бүтээлч оролцоно.