Олон улсын чанартай тив, дэлхийн тэмцээнд тогтмол өндөр амжилт үзүүлэх болсон Монголын жиу-жицу бөхийн тамирчид АНУ-д сургалтад хамрагдаж байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор тавдугаар сарын сүүлчээр 10 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэй хилийн дээс алхсан тэд дэлхийн аваргыг дуусгаад АНУ-д болсон хоёр ч тэмцээнд оролцож, медалийн ургац хураажээ. Зургадугаар сарын 16-нд эхэлсэн жиу-жицу бөхийн Nor Cal Open тэмцээнээс “Хүч” спорт хорооны тамирчин Б.Дамланпүрэв 70 кг-ын жинд алт, эмэгтэйчүүдийн 64 кг-д Б.Буяндэлгэр /Сүлд/ мөн алт, эрэгтэйчүүдийн 88 кг-ын жинд О.Болд-Эрдэнэ /Сүлд/ мөнгөн медаль хүртсэн байна. Түүнчлэн үнэмлэхүй жинд зодоглож, О.Болд-Эрдэнэ алт, Б.Дамланпүрэв мөнгөн медалийн эзэн болжээ.
Харин дараа нь 23-нд эхэлсэн “Jiu jitsu by the Bay-9: Redemption” тэмцээнээс Б.Буяндэлгэр 64 кг-ын жинд алт, мөн өмсгөлгүй жиу-жицу буюу но ги төрөлд өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн байна. Тэрбээр энэ төрөлд хүч сорьсон Монголын анхны эмэгтэй тамирчин гэнэ. Мөн тус тэмцээний эрэгтэйчүүдийн 88 кг-ын жинд зодоглосон ОУХМ О.Болд-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ.
Жиу-жицу бөхийн тамирчид өдгөө АНУ-д Ральф Грейсийн академиас зохион байгуулдаг сургалтад хамрагдаж буй бөгөөд ирэх сарын 8-нд эх орондоо ирэх ажээ.
С.ЦЭЛМЭГ