Зөөврийн хайрцгаар санал авч байна

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Зөөврийн хайрцгаар санал авч байна

УИХ-ын сонгуулийн санал авах өдөр хуулийн дагуу маргааш болох ч өнөөдөр эрүүл мэндийн шалтгаантай, нийтийн албанд дайчлагдан ажиллаж буй 9400 гаруй иргэний саналыг авч байна. Энэ тоо урьдчилсан байдлаар гарсан бөгөөд санал авч дууссаны дараа СЕХ-нд нэгтгэн хүргэх аж. Сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах байранд ирэх боломжгүй иргэдээс битүүмжилсэн зөөврийн хайрцгаар санал авах юм байна. Тойрог, хэсгийн хороод харьяа иргэдийнхээ мэдээллийг нэгтгэн гаргаж, санал авсны дараа СЕХ-нд хүргүүлэх юм байна. Зөөврөөр санал өгөх иргэд харьяа хэсгийн хороондоо өөрийн мэдээллээ хүргүүлсний дагуу санал авч байгаа бөгөөд нийт санал өгөх иргэдээ хэсгийн хороонд хуваахаар нэг хэсгийн хороонд бага тоо гарч байгаа аж. Тухайлбал, 23-р тойрог буюу Сүхбаатар дүүргийн 1-р хэсгийн хороонд зургаан өндөр настай буюу 70-85 насны иргэдээс санал авсан байна. Ингэхдээ УИХ-д оролцож буй нам эвслийн төлөөлөл буюу ажиглагч нарын хамт битүүмжилсэн хайрцганд дээрхи иргэдийн саналыг авсан байна. Санал авч, хэсгийн хороонд хүргэж өгөх хүртэл  баримтжуулан камерт бичлэг хийж, битүүмжилсэн хайрцганд саналыг хадгалж байгаа аж. Мөн Баянзүрх дүүргийн VIII хэсгийн хороонд нийт найман иргэнээс зөөврийн хайрцгаар санал авсан байна. Битүүмжилсэн саналын хуудсыг маргааш сонгуулийн дүнтэй хамт нэгтгэн тоолох ёстой. Нийслэлийн хэмжээнд зарим хэсгийн хороодын ажилтнууд өнөөдрийн санал авах ажлаа дуусч байгаа гэдгийг албаныхан хэллээ.

Сануулахад, “Зөөврийн хайрцгаар санал авахдаа эрүүл мэндийн шалтгаантай, нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, байцаагдаж байгаа иргэд сонгуулийн өдөр санал хураах байранд хүрэлцэн ирж чадахгүй болсон, байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон иргэдээс саналыг нь урьдчилж авна” хэмээн заасан байгаа юм. 

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж