Тэрээр УИХ-ын энэ удаагийн сонгуулийн онцлогийн талаар ярихдаа, сонгуулийг сонгуулийн хосолсон тогтолцоогоор зохион байгуулж байгаагийн зэрэгцээ сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах болон сонгогчийн бүртгэлийн үйл ажиллагааг Монгол Улс түүхэндээ анх удаа автоматжуулсан системээр зохион байгуулж, Улсын Их Хурлын сонгууль нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хамт явагдах гэж байгаа зэргийг цохон дурьдлаа. Мөн сонгуулийн 26 тойргийн хороо, 333 салбар хороо, 1905 хэсгийн хороо байгуулагдаж тэдгээрт нийт 15549 албан хаагч, түүнчлэн мэдээллийн технологийн 26 баг, нийт 2625 мэдээллийн технологийн даамлууд ажиллаж улмаар сонгуулийн техник, зохион байгуулалтын хэвийн ажиллагааг хангаж ажиллахаар тэд бэлтгэгдээд байна.
Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд улсын хэмжээнд туршилтын сонгууль зохион байгуулж, санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг улс төрийн нам, эвсэл, төрийн бус байгууллагууд, иргэд, олон нийтэд танилцуулах ажлыг зохион байгуулсан талаар Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга сэтгүүлчдэд мэдээллээ. Тэрээр цааш нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийг гадаад ертөнц анхааралтай ажиглаж байгааг тэмдэглээд АНУ, Англи, Канад, ОХУ, БНСУ зэрэг улс болон олон улсын байгууллагын 50 гаруй ажиглагч, гадаадын 15 улсын 25 хэвлэл, мэдээллийн байгууллагын 40 гаруй сурвалжлагчид бүртгүүлж үнэмлэх аваад байна. Түүнээс гадна дотоодын 60 орчим хэвлэл, мэдээллийн байгууллагын 500 орчим сурвалжлагчид сонгуулийн ажиллагааг сурвалжлахаар байгаа талаар ярив.
Сонгогч саналаа өгөхдөө юунд анхаарах ёстойг дахин сануулахын зэрэгцээ сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцох нь чухал байгааг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга ярианыхаа төгсгөлд онцоллоо.
Дараа нь СЕХ-ны удирдлага сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. Тэд захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хүмүүс хэрхэн саналаа өгөх, цагдаагийн хамгаалалтгүй зөөврийн хайрцагаар санал авч болох эсэх, сонгуулийн хуулийг зөрчсөн талаар ирсэн гомдлыг хэрхэн барагдуулж байгаа, автомат техник саатах, эвдрэх тохиолдолд санал хэрхэн тоолох, үр дүн нь хэр баталгаатай байх, санал хураалтын дүнг хэдийд гаргаж нийтэд мэдээлэх вэ зэрэг асуултдаа хариу авав. Сонгуулийн хэсгийн хороод хуульд заасан тодорхой шалтгаанаар санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй байгаа иргэдийн саналыг өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авч байна. Бүрэн бус мэдээгээр, нийслэлийн сонгуулийн хэсгийн хороод 3799 иргэнээс, улсын хэмжээнд нийт 9465 иргэний саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авахаар ажиллаж байна гэж СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн сэтгүүлчдэд мэдээллээ.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээг нэгтгэн гаргаж санал авах өдрийн 11.00. 16.00. 20.00 цагт тус тус нийтэд мэдээлнэ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.