Нийслэлд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт 37 сургууль, цэцэрлэгийн барилга баригджээ. Одоогоор сургууль, цэцэрлэгийн нийт 54 барилга баригдаж байна. Үүнээс ирэх хичээлийн жилд болон дараа жил ашиглалтанд орох цөөнгүй барилга бий гэнэ. Шар хадны эцэст байрлах 92 дугаар сургууль, Баянгол дүүрэгт 320 суудалтай 70 дугаар сургууль, тус дүүргийн 22 дугаар сургуулиудыг нурааж, шинэчлэн барьж байгаа ажээ. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд, Амгалан өртөөнд 640 суудалтай сургуулийг мөн шинээр барьж буй аж. Цаашдаа Сонгинохайрхан дүүрэгт гурван сургууль шинээр барих зураг төсөл гарсан бөгөөд одоогоор гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлаад байгаа гэнэ. Орон нутгийн хувьд, Хэнтий аймагт 100 хүүхдийн цэцэрлэг, Сүхбаатар аймгийн Түвшин ширээт суманд 320 суудалтай сургуулийн барилгыг барих ажлуудыг гүйцэтгэж байгаа ажээ.
Харин цэцэрлэгийн тухайд, 2008-2012 оны хугацаанд дүүрэг бүрт 5-6 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулсан тухай яамнаас мэдээлж байна. Энэ онд улсын төсвийн мөнгөөр нийт 10 цэцэрлэг барихаар төлөвлөжээ. Үүний тав нь Сонгинохайрхан дүүрэгт, Хан-Уул дүүрэгт хоёр, Сүхбаатар дүүрэгт хоёр нь байх аж. Түүнээс гадна Дэлхийн банкны санхүүжилтээр 40 цэцэрлэгийн барилгыг Канад улсын технологийн тулгуур яс модоор барихаар төлөвлөсөн байна. Эдгээр цэцэрлэгийн барилгыг барьж, ашиглалтанд оруулвал долоон мянган хүүхдийг цэцэрлэгт хүмүүжүүлэх боломж нээгдэх гэнэ. Эдгээр барилгыг барихад гүйцэтгэгч компанийн ур чадвар, барилгын материалыг эхнээс нь голчлон анхаарвал дараагиийн жилүүдэд засварлах ажлыг хийх шаардлагагүй тухай албаныхан онцолж байна.
Театрын барилгын тухайд, Дорнод аймгийнхан шинэ барилгатай болж байгаа бөгөөд шинэ театрыг энэ зундаа багтаан нээх аж. Мөн Говь-Алтай аймгийн театрын барилгын ажил дуусч байгаа бол Дундговь, Завхан аймаг тус бүрт 800 хүний суудалтай театрын барилгын ажил эхэлжээ. Салбарын яам нь цаашид аймгийн төвүүдийн томоохон соёлын төв, музейн барилга шинэчлэх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөж байгаа тул ирэх оны төсөвт санхүүжилт тусгах нь зүйтэй гэж үзэж байгаа аж.
Боловсролын салбар дахь томоохон барилга бол номын сан билээ. Улаанбаатар хотын Төв номын санг одоогийн байршлыг нь өөрчилж, Сүхбаатар дүүрэгт буюу АНУ-ын элчингийн урд тал руу шилжүүлэхээр 3,5 га газрын асуудлыг шийдээд байгаа аж.Гэхдээ энэ өөрчлөлтийг хийх хөрөнгө мөнгөний асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа гэнэ. Юутай ч эхний байдлаар 2-3 жилийн дараа энэ бүтээн байгуулалт нэг тийш болно гэж яамныхан үзэж байна.
БСШУЯ-ны Барилга захиалагчийн ажлын албаны дарга Б.Цэрэнтэй уулзлаа.
-Барилга барилаа гэхэд удалгүй муудаад байна гэдэг шүү дээ. Эдгээр барилгын гүйцэтгэгчид ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
-Боловсролын салбарын буюу сургууль, цэцэрлэгийн барилгыг барихад мэргэшсэн, туршлагатай 100 шахам гүйцэтгэгч компани ажилладаг. Гүйцэтгэгчээс тухайн барилгыг барьж, хариуцуулж өгснөөс хойш гурван жилийн баталгааг шаарддаг. Ингэхдээ ашиглагчийн буруугаас бус эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд хариуцлага тооцож, гүйцэтгэгчээр засуулдаг юм. Мөн гүйцэтгэлийн баталгаа гээд тухайн барилгыг барих төсвийн таван хувийг банкинд байршуулдаг. Хэрэв тухайн барилгад эвдрэл гарахад гүйцэтгэгч компани олдохгүй бол тэр хөрөнгийг татан авч сэргээн засахад зориулдаг.
-Ирэх жилүүдэд боловсролын салбарт бүтээн байгуулалтыг хэрхэн үргэлжлүүлэх вэ?
-Ер нь ирэх жилүүдэд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог барилгуудыг шинэчлэх шаардлагатай байна. Үүнд сургууль, цэцэрлэг, номын сан, соёлын төвүүд бүгд багтах юм. Ер нь 1990-2005 он хүртэл шинээр сургууль цэцэрлэг бариагүй. Тиймээс сэргээн засварлах ажлуудыг идэвхтэй хийх хэрэгтэй байгаа.