найрагч А.Тулгын үг, хөгжмийн зохиолч МУУГЗ Г.Бямбабаярын ая “Аргагүй
хурдан монгол ажнай” дуу үзэгч, сонсогчдын хүртээл болоод удаагүй ч
хурдан морь сонихогчдын аялах дуртай дууны нэг болоод байгаа билээ.
“Арвагар хээр” холбооны 10 жилийн ойгоор анх үзэгчдийн хүртээл болсон
энэхүү дуугаа СТА дуучин Л.Нарантуяа наадмын өмнө клипжүүлэхээр тун
удахгүй Өвөрхангай аймгийг зорих гэнэ.
Моринд хайртай монгол зон олны шүтлэгт хүлгийн нэг Арвай хээр моринд
зориулсан эл уран бүтээлийнхээ тухай яруу найрагч А.Тулга “Халх Монголын
домогт хүлэг Арвай хээрийн шинж төрх хийц, хэлбэр галбир, явдал давхиаг
тодруулан хурд хүчийг нь шагшсан зүйрлэлүүдийг оруулсанаараа энэ
хүлгийн тухай бусад дуунуудаас онцлог болсон” хэмээсэн юм.
Морьтон монголчуудын онгод хийморийг дэврээж олны талархлыг хүлээгээд
буй “Аргагүй хурдан монгол ажнай”-г хамтдаа дахин аялцгаая.
Үг: А.Тулга Ая: МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр
Агуу хүчит арслангийн шинжтэй
Арвай шиг нандин цэмцгэр хийцтэй
Агаар зүсэх аадрын аянга шиг
Аргагүй хурдан ажнай минь ээ хө
Бутны үндсийг булгартал цойлсон
Бул чулууг бутартал давхисан
Босоо цагаан хиймориороо далласан
Буяны тэнгэртэй Арвайхээр ээ хө
Хурц яралзсан явдал давхиатай
Хур их хүч чадалтай
Хурмаст тэнгэрт халилдах бүргэд шиг
Хосгүй хурдан бурханы хүлэг ээ хө
Бутны үндсийг булгартал цойлсон
Бул чулууг бутартал давхисан
Босоо цагаан хиймориороо далласан
Буяны тэнгэртэй Арвайхээр ээ хө
Арвайн талын хурдан удамтай
Аргамаг шандаст хүлгийн төгс шинжтэй
Аргай нумнаас тавьсан дэлтэй сум шиг
Алдарт хурдан шандаст хүлэг ээ хө
Бутны үндсийг булгартал цойлсон
Бул чулууг бутартал давхисан
Босоо цагаан хиймориороо далласан
Буяны тэнгэртэй Арвайхээр ээ хө