Шатарчин Е.Төгстөмөр Азийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Шатарчин Е.Төгстөмөр Азийн аварга боллоо

Шри Ланка улсын нийслэл Колумб хотноо зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 2-нд үргэлжилж буй Ази тивийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээний рапидын төрөлд Монголын шатарчид гурван медаль хүртжээ. Өнгөрөгч даваа гаригт болсон рапид буюу түргэн тоглолтын тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 22 шатарчин долоон насны ангилалд өрсөлдсөнөөс хөвгүүдийн 6 хүртэлх насны ангилалд Е.Төгстөмөр долоон өрөг тоглож, нэг ч хожигдолгүй түрүүлсэн байна. Зургаан настайдаа тивийн аварга болсон тэрбээр “Урамтай шатар” клубын тамирчин бөгөөд шатрын олон улсын мастер Т.Батцэцэгийн ууган хүү гэнэ.

Мөн охидын 6 хүртэлх насны ангилалд Г.Энхчимэг /Урамтай шатар/, охидын 16 хүртэлх насны ангилалд Ц.Лхагвасүрэн /Цэцэн нүүдэл/ нар хүрэл медаль хүртсэн байна. Түүнчлэн Г.Амартүвшин /эрэгтэй-8/, ФИДЕ мастер А.Энхтуул /эмэгтэй-18/ нар шагналт дөрөвдүгээр байрт, Ё.Эрдэмдалай /хөвгүүд-10/ тавдугаар байрт шалгарсан амжилт үзүүлжээ.

Шатрын стандарт төрлийн тэмцээн өчигдрөөс эхэллээ. Энэ жилийн Азийн аваргад шар тивийн 20 гаруй орны өсвөрийн шатарчид эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон насны ангилалд оюун ухаанаа уралдуулж буй. Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй нийлсэн 24 тамирчин өрсөлдөж байгаа юм.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж