
Сонсголоор асуудлын ялгаатай байдлаас шалтгаалан тайлбар өгөх хүмүүсийг дөрвөн хэсэгт ангилсан бөгөөд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй гэх эхний хоёр хүнээс тайлбар авлаа.
Авлигатай тэмцэх газарт Хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлээгүй гэсэн үндэслэлээр нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга Ж.Туяацэцэг, Дорнод дахь Гаалийн газрын гаалийн байцаагч Г.Болортуяа нар нээлттэй сонсгол дээр тайлбар өглөө.
Туяацэцэг нь ээжийгээ эмнэлэгт сахиж байсан бөгөөд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүйнхээ бурууг хүлээлээ. Энэ албан тушаалтнуудад яагаад хариуцлага тооцсонгүй вэ гэсэн үндэслэлээр холбогдох албан тушаалтанд нь хамааруулж Татварын ерөнхий газрын дарга Ц.Оюунбаатар тайлбар өгсөн бөгөөд хоёр сарын цалинг 20 хувиар хассан тухайгаа мэдэгдлээ.
Г.Болортуяа нь хөрөнгө орлогын мэдүүлгээ гурав хоногоор хоцруулсан ба хоёр удаа хагалгаанд орж, өвчтэй байсан тухайгаа тайлбарлалаа. Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав дээрх ажилтанд сахилгын арга хэмжээ авч сануулсан байна.
Сонсголд дуудагдсан эхний хоёр асуудлыг хуралдаанд оролцогсод ач холбогдол багатай жижиг зүйл оруулж ирлээ хэмээн шүүмжилж байлаа. УИХ-ын гишүүн З.Энхболд Гааль татварын байгууллагын авлигын талаар олон асуудал байдаг ч яагаад тэдгээр том хэргүүдийг оруулж ирэхгүй байгаа талаар тодруулга авахыг хүслээ. Мөн УИХ-ын гишүүн Оюунхорол энэ мэт жижиг зүйлээр хөөцөлдөх шаардлагагүй талаар саналаа илэрхийллээ.
Б.Энхмандах