Домог ийн эхэлнэ.
Уг домгийг дэлхий дахинаар уул уурхайд хэт түшиглэсэн орнуудад учирч болох аюулын гол сургамж болгон ”Голланд өвчин” хэмээн нэрийдэх болжээ. Гэхдээ голландчуудын эл домог гунигтайгаар төгсөөгүй юм. Үлгэр сайхан төгсгөлтэй байдаг шиг, тэд энэ өвчнөө илааршуулах ”ерөндөг” олсон юм. Тэр ”ерөндөг”-өө сарнай цэцгээс гарган авчээ. Нэгэн цагт Голланд оронд цэцэгсийн аж ахуй, тэр дундаа сарнай цэцгийн аж ахуй цэцэглэж байж. Харамсалтай нь уул уурхайн “тоос”-нд даруулж цэцэгс гунджээ. Өөрөөр хэлбэл, ууд уурхайгаас бусад салбар нь уруудан доройтсон байж. Тиймээс голландчууд уул уурхайд биш цэцэгсийн аж ахуйдаа хөрөнгө хаяж, сарнай цэцгийг өөрийн орны шинэ брэнд болгосон. Үр дүнд нь”өвчин” дарагдсанаас гадна дэлхий дахинаар Голланд цэцэгсээр гар нүүрээ угааж, Голланд цэцэгсийн анхилам үнэрт усыг цацах болов. Домог ийн цэцэгсийн түүхээр төгсдөг боловч үнэн хэрэгтээ тэд уул уурхайгаас бусад салбаруудынхаа өрсөлдөх чадварыг сэргээж, иргэдийнхээ бэлэнчлэх сэтгэлийг халж, хамгийн гол нь хаа ч хяналт муу их мөнгийг дагалдан гарч ирдэг хүнд суртал, хээл хахууль, төсвийн үрэлгэн зарлага муу муухай бүхэн хургасан төрийн системдээ ч реформ хийв. Тэднийг сарнай цэцэгс аварсан. Харин хэдийн хаалга тогшоод ирсэн Голланд өвчнөөс биднийг юу аврах вэ?
Учир нь Монгол Улс хэдийнэ уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр зүйл бараг экспортлохоо больчихсон. Төрийн “данхар” бүтэц, хүнд суртал, төрөөс төрөх тэрбумтнууд, ард түмний амыг хааж улам бүр арчаагүй бэлэнчлэх сэтгэлгээнд дасгах элдэв халамж, бэлэн мөнгөний амлалт гээд монголчууд хэзээний голланд өвчнөөр өвчилснийг та бид харж байгаа. Асуудлын гол нь хэзээнээс “халуурч” эхлэх вэ гэдэгт л байна.
Энэ аюулаас аврах гол арга нь уул уурхай бус эдийн засгийн сэргээгдэх салбарт хөрөнгө оруулах, дэлхийд өөрийн орны онцлогийг илэрхийлж чадах брэнд бүтээгдэхүүнийг гаргах явдал гэж эрдэмтэд үздэг. Мөн дан ганц эдийн засаг бус төрийн бүтэц, зохион байгуулатад ч реформ шаардлагатай. Эдийн засгаа сэргээхэд брэнд бүтээгдэхүүнийг ашигласан олон орон байдаг. Үүний нэг нь Тайвань арал юм. Эргэн тойрон далайгаар хүрээлэгдсэн, газрын баялаг гэх юмгүй уг арал Азийн”бар”болтлоо хөгжиж чадсан нууц нь компьютерыг өөрийн эдийн засгийн голлох шугам болгож, компьютерийн эд ангийг дагнан үйлдвэрлэж эхлэсэн явдал юм.
Үүнээс гадна Японы Sony, Panasonic, Fuji, Toyota зэрэг дэлхийд брэнд болсон үйлдвэрүүдийг дурьдаж болно. Эдгээр брэндүүд өнөөдөр ч Японы эдийн засагт үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байна. Солонгос орон ч Hyundai, LG, Samsung, KIA motor зэрэг брэндүүдээр дэлхийд алдартай. Солонгос, Япон, Энэтхэг зэрэг орнуудын хөгжлийн гол нууц нь өөрийн орны брэнд гаргаж, төрөө тунгалаг болгосонтой холбоотой.
Уул уурхай нь эдийн засгийн сэргээгдэхгүй салбарт ордог. Нэг л өдөр шавхагдана. Тэр үед бид яах вэ. Бид дэлхийд юугаараа танигдсан ард түмэн билээ. Манай орон мал аж ахуйн орон. Бидэнд өөрийн орны брэнд бүтээгдэхүүн гаргаж, эдийн засгаа хүчирхэгжүүлэх, мөн өөрийн орны тусгаар байдлаа ч баталгаажуулах хамгийн ойрын боломж буяант мал сүрэгт маань байна. Бидэнд ноолуурын салбарыг өөрийн улсын тэргүүлэх салбар болгон, дэлхийд сайшаагдсан брэнд гаргах бүрэн боломж байна. Манай орны хувьд ноос ноолуур нь алт, зэсийн дараа ордог экспортын бүтээгдэхүүн юм.
Манай орон ноолуур бэлтгэлээр дэлхийд Хятадын дараа хоёрдугаарт ордог. 2009 оны байдлаар Хятад улс 14500 тн ноолуур бэлтгэснээр дэлхийн нийт ноолуурын хэрэглээний 59,7 хувийг үйлвэрлэсэн байна. Энэ жагсаалтыг 6700 тн ноолуур бэлтэснээр манай орон удаалж байна. Гэхдээ манай ноос ноолууран бүтээгдэхүүн дэлхийд дунд зэрэг танигдсан байдаг ч хэрэглэгчдийн худалдан авах зуршилд нөлөөлж чадах хэмжээнд хараахан хүрч чадаагүй л байна. Үүнд зөвхөн хувийн хэвшлийн үйлдвэрүүд бус төрийн идэвхитэй бодлого ч дутагдаж байгаа юм.
Мөн аялал жуулчлалыг эдийн засгийн хамгийн ашигтай салбарт тооцдог. Байгалийн давтагдашгүй үзэсгэлэн, дэлхийд хосгүй түүх гээд манай оронд аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой. Аялал жуулчлалыг дагаад жижиг дунд үйлдвэрлэл, үндэсний онцлогийг харуулсан гар урлал эрхлэгчдийн бизнес ч хөгжих бүрэн боломжтой байдаг байна. Харин манай орны хувьд эдийн засагт маань их хэмжээний ашиг авчирч болох салбартаа анхаарал тавьдаггүй нь нууц биш. Зам гэж “там”, хэдэн цагаар сэгсчүүлэн байж зорьж очсон газар нь үзэж харах, хөгжөөн баясгах зүйл юу ч үгүй хэмээн манай орныг зорьж ирсэн жуулчид сэтгэл дундуур буцдаг. Мөн жуулчдад үйлчилдэг хөтөч нар мэргэжлийн хүн бус гадаад хэл сурж байгаа оюутан байдаг гээд боловсон хүчний тал дээр ч анхаарах шаардлагатай мэт. Энэ салбарыг хөгжүүлэхэд дэд бүтцийн асуудал, боловсон хүчин зэрэгт төрөөс анхаарах шаардлага тулгараад байна. Манай орны хувьд энэ салбар улирлын шинж чанартай. Зөвхөн зуны бус өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлага ч тулгараад байна. Хөрөнгө мөнгө шаардах хэдий ч тогтмол ашиг олж болох чанараараа уул уурхайгаас илүү найдвартай салбар юм. Гэх мэтчилэн бидэнд уул уурхайгаас гадна эдийн засгаа хүчирхэгжүүлэх олон боломж байгааг салбарын хүмүүс хэлдэг. Уул уурхайн сацуу цаашид үр өгөөжээ тогтмол өгөх салбарт анхаарлаа хандуулах нь эдийн засгийн хувьд хамгийн их хэрэгтэй төдийгүй голланд өвчнөө илааршуулах гол ерөндөг болох билээ л…