Их тулааны өмнөх салхич шувуун

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Их тулааны өмнөх салхич шувуун

“Явах хүнээр ачаа бүү татуул” гэдэг монгол ардын зүйр цэцэн үгийг санасан бол Фурсенко президент өдийд суудалдаа намбатай сууж, Бразили яаж явах талаар бодох байсан ч угаасаа л хэрүүл шуугиантай ирсэн муу Адвокаат манай муу Ооёо ах нарыг баллаад хээвнэг хаалга хаан гарч одов. Анх Бельгийн багтай гэрээ хийнгүүтээ Оросын их мөнгөнд шунаж, гэрээгээ таслан, хэвлэлийн бай болон байж, “нохой шуугиулан” ирсэн тэрбээр “ИХ ТУЛААН”-ы өмнө бас өөр багтай “худ ураг” болдог нь одоо бодоход тун ёозгүй үйлдэл гэхээс юу гэх вэ дээ… Сонссон чинь, өдгөө Писарев ахлах дасгалжуулагч болох өргөдлөө өгч, харин Оросын хөлбөмбөгийн холбоо руу Парламентийн босс Грызлов (Бас өмнө нь жүдогийн холбооны ерөнхийлөгч байсан, Монголд Хөдөө аж ахуйн сайд байхдаа айлчилж байсан), Исаев-ДУМ-ын гишүүн, Мутко нар зүтгэх сураг ч дэгдэв. Мутко бол Мариборид болсон “гамшгийн” дараа огцорсон байж. Санаа нь зовдоггүй ээ. Одоо Бразилид очиж, Бразилийг нухаж, гэмээ цайруулъя, ах нар минь ээ. АНУ-д “орогнож буй”, “Таван цагариг” сонины босс байсан гэгдэгч Түвшээ (цаашид Зуунгаа гэх) заавал Бразили явах үед  нь орос ах нартаа хэлж дарамтлуулахаа мэднэ ээ, гайгүй!

Нэгэн зүйл – УКРАЙН

Л.Бурьяк ярилцлага өгчээ. Харин “Динамо Тбилиси”-ийн алдарт Рамаз Шенгелия зүрхээр нас баржээ!!! Украйн бол олон сайн польшуудтай боловч урд гүйх “Усаин Болт”-гүй болжээ гэж ярьж байна. Тэтгэвэртээ гарч буй Шевагаас багаараа муу тоглож, өнөө ирээдүйн од Ярмоленко, Девич, Хачериди нар нь “Лэгдэн хааны хурдан морьдын хөл”-ийг гүйцсэнгүй ээ. Гэхдээ л хэрүүл ам, зодоон нүдээнтэй, тарчиг тархай, бензин тосгүй Украйн маань “Евро-2012”-ыг хийж, готелаа дүүргэж, горелкаа уулгасан гэдэг бол том амжилт шүү!!! Шинэ шинэ Шева гарах нь дамжиггүй, бас миний 1973 оноос хойш балиашигладаг “Динамо Киев” маань мандан бадрах болтугай! Бессанов бор дарсанд гүнзгий орж, Яремчук маань мөрийтэй тоглоомд толгойгоо мэдүүлсэн гэдэг, гэхдээ ихэнх нь гялалзаж яваа шүү!!! Блохиний хажууд байгаа бүдүүн эрх бол өнөөх Андрей Бали шүү дээ. Бразилид гоол хийдэг…

Хоёрон зүйл – ИСПАНИ-ПОРТУГАЛЬ

“Пиратуудын тулаан” өнөөдөр уурхайн хот Донецкт болно. “Шахтёр” гэхээр л хамгийн түрүүнд толгойгоороо тоглодог Виталий Старухин санаан ордог. Мөн хаалгач Дегтярев, Чанов, Грачев, Пианых, Петров… гээд л архгууд, Украйн “Налайх”-аас гаралтай О.Блохин Донецкийг өлзий дэмбэрэлгүй хот гэсэн. Харин Принейн хойгийн хоёрт яах бол. Үндсэндээ бол Зуунгаагийн хашхираад байгаа, “Таван цагариг”-Өвөрхангай-Нарийнтээл сумын Бүдүүнтээл болсон Өлзийгийн дагаж давхиад далдаганаад байгаа баг VI.28-ны өглөөний буцах билетээ захивал би AIRLINK-ээр үнэгүй солиод өгье. Тэд VII.3-нд буцах BRON хийлгэсэн гэж байна шүү, дуртай духнууд чинь. BARCA + REAL + GALACTICO тоглолттой, CLASICO стильтэй испаничууд Рональду (Португаль баг биш шүү…) багийг дарж унах нь ч, дарж унана аа… “Хар ирвэс” Эйсебиогийн бие муудсан гэсэн. “Бор шилүүс” Түвшингийн даралт ихэсвэл яана аа… ИСПАНИ-ПОРТУГАЛЬ 2:0!!!

Хоёрон зүйл – ГЕРМАН-ИТАЛИ

Италичуудын хаяж гаршсан ганц улс бол… өнөөх Герман. Хөөрхий муу Герман “тал таардаггүй” итали пиццаг яаж хаях вэ гэж толгойгоо гашилгаж байгаа. Одоо Мюллер нэг үгээ хэлэх гэж оролдоно. Тэгэхэд л Дьяманти сөрөг үгээ чангаар хэлнэ. Герман ингэж авч давхиж байгаад нэг бүдэрдэг л байхгүй юу даа. Миний бие ОХУ ялагдаад, Украйн руу нүүсэн өдөр тэднийх “газарт орлоо”. Дараа нь Англиа бараадсан чинь бас л “үерт автагдаад” шилжихээс аргагүйд тулав… Одоо “Дулмаа морио өгөөч” гээд л Тахар Бадарч шиг… Итали руу ирлээ дээ. Гэхдээ Итали бидэн хоёр олон жил сайхан үерхсэн. Ялангуяа Паоло Росси, Жентиле, Ширеа, Тарделли, Гразиани… гээд л… Турин, Миланд очиж байсан ингээд Итали маань Германыг 1:0-ээр ноолоод, bye!

Ширэн бөмбөгийн уран дархчууд мандтугай!

Ж.ОТГОНЦАГААН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж