Индиан омгийн Навахо үндэстнүүд Монголд

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Индиан омгийн Навахо үндэстнүүд Монголд

Улаанбаатар хот хэдийнээ олон үндэстний хот болжээ. Орос хүн хараад дагаад гүйдэг байсан бага нас минь түүх болж өнөөдөр биднийг  хар, шар, цагаан, бор, өнгөт арьстан гээд дэлхийн аль ч үндэстэн гайхашруулахгүй болсон. Гэтэл улаан арьстай индиан хүүхэдтэй тааралдлаа. Дагалаа. Сонирхлоо. Танилцлаа. Учиг нь тайлагдлаа. Сэтгүүлч хүний хувьд та бүхэнтэй хуваалцмаар санагдлаа.

Америкийн Аризона мужийн Туба хотын Навахо үндэстнүүд Монголчууд шиг хонь төхөөрч,  гэдэс чанаж,   бас хониний гүзээндээ таван цулаа  хийж  иддэг. Газар, хөрс шороо, байгалийн тогтоц, цаг агаарын хувьд ч тун төстэй.  Батаа, Болдоо, Нараа, Сараатай царай зүсээр эгч дүү мэт адил царайтай хүн ч олон гэнэ. Тиймээс тив алгасан харь холын Монголд буусан  Навахо үндэстэн хүүхдүүд гадаадад ирсэн гэдэгтээ нэг л итгэж чадахгүй байх шиг байлаа.

Тиймээ, эд нар УлаанбаатарДэнверийн ах дүү хотуудын зөвлөл болон Зориг сан хамтран Америк Монгол  хоёр орны ерөнхий боловсролын сургуулиудын  түншлэл хөтөлбөрт хамрагдан Улаанбаатарт ирсэн хүүхдүүд. 2005 оноос хойш хэрэгжүүлж байгаа энэхүү хөтөлбөрт  Монголын талаас нийт 360 гаруй хүүхдүүд хамрагджээ. Энэ жилийн хувьд уг хөтөлбөрт  Улаанбаатар  хот болон Дундговь аймгийн Мандалговь сумын сургуулийн хүүдүүд болон Колорадо мужийн Дэнвер хот, Аризона мужийн Туба хотын Навахо үндэстэн хүүхдүүд хамрагдсан аж.  

2007 оноос энэ хөтөлбөрт ХААН Банк Сан  нэгдэн, санхүүжилт үзүүлж эхэлснээр төсөлд хамрагдаж буй сургуулийн багш сурагчид солилцооны журмаар харилцан бие биенийдээ зочилж, нүүр тулан уулзах боломжтой болжээ. Улаанбаатар  хотын  Сонгинохайрхан дүүргийнИрээдүй цогцолбор”, болон Дундговь аймгийн  Эрдмийн далай цогцолбор”, “Хүмүүнлэгсургуулиуд хамрагдаж 2 багш, 6 сурагч энэ оны 3 сард Америкт айлчлаад иржээ. Эдгээр сургуулиуд дээр англи хэлний клубууд хичээллэдэг  бөгөөд хүүхэд бүр л шалгаруулалтанд тэнцэж  цахим ертөнцийн  найз нөхөдтэйгөө биечлэн уулзахыг хүсэх нь мэдээж.

Америк талаас   манай орны   амьдрал ахуйтай тун төстэй Индиан омгийнхон амьдардаг  хотыг сонгосон нь кинон дээрээс л Америкийг харж өөр өөрийн төсөөллөөр сэтгэлдээөөрийн Америк”-ийг  бий болгосон Монгол хүүхдүүдийн хувьд  ёстой хүлээгээгүйгэнэтийн бэлэгбайснаа бидэнд  хуучилсан юм.  Үнэхээр хэн  ч гэсэн Америк орныг тэнгэр багандсан өндөр байшингаар төсөөлөх нь ойлгомжтой. Гэхдээ  л Монголоос гараадМонгол”-д  хөл тавьсан хүүхдүүдийн хувьд 14 хоног нүд ирмэх зуурт өнгөрчээ.  Харин одоо Америк талаас сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд багш нарынхаа хамтаар Монголд айлчилж байгаа нь энэ аж.

Ингээд хөтөлбөрт хамрагдсан сурагчдын  сэтгэгдлээс хуваалцъя.

Чэнс Нэз  гэдэг хүү  Аризона мужийн Туба хотоос ирсэн, Навахо үндэстэн. Судлаачид Төв Азиас
гаралтай Навахо
үндэстний  нүүдэлчин
аймгууд Бэрэнгийн хоолойгоор дамжин Америк тивд ирсэн гэж үздэг байна
. Монголыг зах хязгааргүй элсэн цөл, хүмүүс нь бүгд гэрт амьдарч зөвхөн морь унадаг гэж  төсөөлж ирсэн энэ хүү Улаанбаатар хотод бүтээн байгуулалт бусад том хотуудын адил явагдаж  байгааг хараад ёстойамаа ангайжээ”….Манай Навахо үндэстнүүд омог кланаараа /аймгаараа/ амьдардаг. Манай кланы 80
хувь нь төрөлх хэлээрээ ярьдаг. Навахочууд соёл иргэншил, техник технологийн
21-р зуунд амьдарч байгаа хэдий ч 
Монголчуудын
  нэгэн адилаар  эх дэлхий, нутаг ус, онгон байгаль, 4 зүг,  4 уулаа шүтэж амьдардаг хүмүүс. Монгол хүүхдүүдийн адил Навахо үндэстний хүүхдүүд бас  хөх толботой төрдөг. Манайхан нэгнээ нэрээр нь дуудахыг  цээрлэдэг. Жишээ нь нагац ахаа бид Вилдкат
(зэрлэг муур) гэдэг (Монголчууд нагац, авга нарыгаа хүндэлж ажаа, жаажаа, агаа,
аниа гэх мэтээр дууддаг болохыг энд ирээд мэдлээ). Бидэнд энэ мэт адилхан зүйл
зөндөө байна. Бид энэхүү хөтөлбөрийн хүрээнд 
Дундговь
аймгийн Мандалговь суманд очсон юм.  Энэ сум миний амьдардаг хоттой уур амьсгал, хөрс шороо нь ижил, бүр зарим хүмүүсийн царай нь хүртэл миний таньдаг хүмүүстэй төстэй байсанд гайхахын хажуугаар  их дотно сэтгэгдэл төрүүлсэн. Манай хот нүүрсний уурхайтай гэтэл  Мандалговь сумд  бас нүүрсний уурхай байсан нь бүр ч  хачирхалтай санагдсан. Бид Монгол түүхийн музей,  соёл урлагийн тоглолтыг үзэж, засгийн газрын ордноор зочилж, элчин сайдтайгаа цуг өдрийн хоол идлээ. Энэ бүгдээ эргээд гэртээ очоод найз нөхөд, гэрийхэндээ ярихсан гээд яарч л  байна. Олон сайхан дурсамжтай боллоо.

 Харин Артура Круел гэдэг хүү  2 эгч, аав ээжийнхээ хамтаар Коларадо мужийн Дэнвер хотод амьдардаг. Дэнверийн  Олон улс судлалын төвд суралцдаг тэрээр сургуулийнхаа Монгол судлалын клубд явж   Монголын зан заншил, соёл боловсрол болон түүхийн талаар судалдаг аж. Клубд хамрагдах болсноос хойш  аугаа их түүхтэй Монгол улс руу аялах зорилго өмнөө тавьсан Артур   Би хэн бэ”,  Монгол явахад таныг юу хөтлөвсэдэвтэй илтгэл тавьж шалгуурыг давснаар Монголд иржээ. …Манай зочин айл Монгол гэрт амьдардаг байсан нь надад сонирхолтой санагдсан.  Монголчууд эртний  сайхан уламжлалаа одоогийн энэ их хөгжил, бүтээн байгуулалтанд алдалгүй  хадгалж авч яваа нь үнэхээр гайхалтай. Хөдөө байх хугацаандаа ааруул, сүү цагаан идээ  амталж,  хонь хэрхэн төхөөрөхийг харж, байгалийн сайхнаар  аялсан нь надад мартагдашгүй дурсамжийг үлдээлээ. Монгол ардын урлаг, хөөмий, ардын бүжиг үнэхээр их сэтгэгдэл төрүүллээ. Америкт хүмүүс  бие даасан өөрийн орон зайг их чухалчилдаг  бол Монголчууд их нөхөрсөг, зочломтгой, найрсаг ард түмэн юм байна. Урд нь зөвхөн ном зохиол бусад мэдээллийн хэрэгслэлээр Монголын тухай уншдаг байсан би өөрийн биеэр одоо энэ бүх зүйлийг мэдрээд явж байгаадаа туйлын баяртай байна.

 

Америкаас ирсэн 6 хүүхдийн хоёрынх нь сэтгэгдлийг хүргэхэд ийм байна. Тэр хоёртоо орчуулга хийж байсан Монгол охины сэтгэгдлийг бас сонслоо. Сэржмядагын Анударь хэмээх энэ охин Дундговь аймгийн Эрдмийн Далай цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч. Энэ жилСурагч солилцоо-2012” хөтөлбөрт хамрагдаж Америкт очоод иржээ. Аймгийн хэмжээнд   англи хэлний 2 клубын 40 гаруй хүүхдүүдээс шалгаран яваад ирсэн мундаг охин.  Биднийг Америкт  зочин айлууд маш халуун дотноор хүлээн авч,  бид гэртээ байгаа мэт үнэхээр тав тухтай байсан. Одоо Монголд ирсэн Америк хүүхдүүдтэй сайхан дотно найзууд боллоо. Хүүхдүүд гэр орон, ээж ааваасаа хол байх үедээ бие дааж аливаа зүйлийг сурахын зэрэгцээ тухайн улс орны ёс заншил, соёл, ахуй амьдралтай танилцахын хэрээр  аливааг өөр өнцөгөөс харах чадварт  суралцдаг  юм байна гэж надад бодогдсон. Навахо үндэстнүүд Монголчууд бидний адил өв соёл, хэл бичгээ өдий хүртэл алдалгүй хадгалж ирсэн нь гайхалтай санагдсан. ХААН Банк Сангаас хэрэгжүүлдэг энэхүү хөтөлбөрт хамрагдах хүүхдийн тоо улам олон болоосой гэж хүсэж байна. Ядаж л энэ хөтөлбөрт хамрагдахаар хичээх олон хүүхэд англи хэлийг төвөггүйхэн сурах болно. Тиймээс хүүхэд бүр биеэ дайчлан хичээлдээ шамдаж, нийгмийн идэвх санаачлагатай байгаасай. Түүнчлэн ХААН Банк Сангийнхандаа тэтгэлэгт хамрагдсан бүх хүүхдүүдийн өмнөөс баярлалаа гэж хэлье. Энэ хөтөлбөр олон олон хүүхдийн амьдралд гэрэл гэгээ, баяр баясал авчирсан гэдгийг заавал ХААН Банкныханд дамжуулж өгөөрэй.

Анударийн энэ үгийг ХААН Банкныхан уншиж байгаа. Тиймээ, хүний сайн сайхны төлөө, тэр дундаа хүүхдийн гэрэлт ирээдүйд хөрөнгө оруулалт хийх шиг сайхан үйлс хаа байх билээ. ХААН Банкныханд баярлалаа.

Азийн цээжинд орших хөх тэнгэрийн орноор аяласан бяцхан индианууд минь баяртай. Нарлаг Монголд минь дахин зочлоорой.

Хотын төвөөр яаралгүйхэн ажилдаа очихоор алхаж явсан надтайулаанцарайтай индиан хүү тааралдаж  сэтгүүлч хүний сониуч зангаар  байцаалтавч  тэмдэглэл хөтөлснөө энд хүргээд өндөрлөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж