Хятадад саяхан долоон сартай жирэмсэн бүсгүйд хүчээр үр хөндөлт хийсэн хэрэг шуугиан дэгдээсэн билээ. Тэр хэргээс болж бүсгүйн гэр бүл дарамт шахалтад орж, нөхөр нь сураггүй алга болсон талаар нэгэн хамаатан нь мэдээлжээ. Фэнг Жианмей гэгч бүсгүй Хятадын нэг хүүхэд хуулийг зөрчиж, торгууль төлөлгүйгээр хоёр дахь хүүхдээ тээж байсан нь илэрсэн тул хүчээр үр хөндөлт хийсэн аж. Бүсгүйд хүчээр үр хөндөлт хийж буй зураг интернэтээр цацагдсан нь олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан юм. Дээрх хэргийн дараа үр хөндөлт хийсэн албаны хүмүүс бүсгүйгээс уучлал гуйсан тухай хэвлэлээр мэдээлж байсан авч тэд бүсгүйг дарамталж эхэлсэн бололтой. Бүсгүйн хамаатны мэдээлснээр түүнийг эмнэлгээс гарсан цагаас хойш элдэв дарамт шахалт тасраагүй аж. Бүсгүйд үр хөндөлт хийсэн зурагтай хамт “урвагчийг олж, үхтэл нь зодоод хотоос хөөж явуул” хэмээх уриа интернэтээр цацагдсан юм. Шаньси хотын иргэд бүсгүйг эмнэлгээс гарч ирэхэд ийм уриаг хаа сайгүй өлгөсөн байсан гэнэ. Бүсгүйг торгууль төлөөгүй, долоон сартай жирэмсэн болсныг албаны хүмүүст мэдээлсэн гэж хамаатнуудыг нь сэжиглэж байгаа бөгөөд тэднийг хаа ч явсан сэжиглэн харцгаах болсон гэнэ. Хүн амын өсөлтийг хянаж, зохицуулах зорилготой Хятадын нэг хүүхэд хуулинд хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэж буй гэр бүл торгууль төлөх тухай заасан байдаг.
Н.Энх